Хятадын алдарт Pop Mart компанийн бүтээл болох 1.3 метр өндөртэй, ногоон өнгийн Labubu тоглоом Бээжинд болсон дуудлага худалдаагаар 1.08 сая юанийн (ойролцоогоор 150,275 ам.доллар) үнэд хүрч, “blind box” тоглоомын зах зээлд шинэ дээд амжилт тогтоолоо.
Тус дуудлага худалдааг орчин үеийн урлаг, гоёл чимэглэлийн чиглэлээр мэргэшсэн Yongle International Auction компани зохион байгуулсан бөгөөд энэ нь Labubu дүрийн тоглоомд зориулсан анхны албан ёсны дуудлага худалдаа болсон юм.
Энэ удаагийн арга хэмжээнд нийт 48 багц бараа дуудлагаар худалдаалагдаж, 200 орчим хүн биечлэн оролцсон бол 1000 гаруй хүн Yongle-ын гар утасны аппликэйшнээр дамжуулан цахимаар үнэ хаялцсан байна. Дуудлага худалдааны эхлэл үнэ 0 юаниас эхэлсэн ч, нийт орлого нь 3.73 сая юаньд хүрчээ.
Хамгийн өндөр үнэд хүрсэн Labubu нь 1.3 метр өндөртэй, ногоон өнгөтэй бөгөөд дэлхий дээрх цорын ганц хувилбар хэмээн тэмдэглэжээ.
Labubu нь Pop Mart компанийн бүтээсэн цуглуулгатай тоглоом бөгөөд ихэнхдээ «blind box» буюу хэрэглэгч хайрцаг нээтэл дотор нь юу байгааг мэдэх боломжгүй хэлбэрээр худалдаалагддаг. Энэхүү нууцлаг бүтэц нь тоглоом цуглуулагчдын дунд өндөр эрэлт, сонирхлыг төрүүлдэг билээ.