Америкийн инди фолк хамтлаг Lord Huron-ы хоёр дахь цомгийн сүүлийн дуу 2015 онд анх гарч байхдаа анхаарлын төвд огт орж чадаагүй. Харин 10 жилийн дараа энэхүү даруухан эхлэлтэй дуу дэлхийн хөгжмийн зах зээлийн нэгэн гайхалтай амжилтын түүх болж хувирчээ.
Billboard-ийн 2024 оны дэлхийн шилдэг синглүүдийн жагсаалтаар Beyoncé, Dua Lipa, Charli XCX зэрэг орчин үеийн супер оддын хамгийн алдартай дуунууд ч Lord Huron-ы The Night We Met хэмээх 10 жилийн настай дууг гүйцэж чадсангүй.
- The Night We Met — Billboard Global Chart-д 35-р байр
- Dua Lipa-ийн Houdini — 37-р байр
- Beyoncé-ийн Texas Hold ‘Em — 41-р байр
- Charli XCX-ийн Guess — UK Chart-д 73-р байр (Lord Huron 60-д багтсан)
Мөн Spotify дээр The Night We Met нь 3 тэрбум гаруй тоглуулалт-тай болсон цөөн дуунуудын нэг бөгөөд энэ ангилалд Taylor Swift ч хараахан ороогүй байна. TikTok дээр ч уг дуу оролцсон бичлэгүүд дахиад 3 тэрбум үзэлт цуглуулжээ.
“Итгэмээргүй” амжилтын ард буй түүх
Уг дууны зохиогч, хамтлагийн ахлагч Бен Шнайдер хэлэхдээ:
“Энэ дууны амжилт үнэхээр итгэмээргүй. Жилийн жилд эрчээ алдалгүй өссөөр л байна.”
The Night We Met нь 2015 онд гарсан Strange Trails цомгийн сүүлчийн баллад байсан бөгөөд анхандаа чартын эхэнд гарч ирээгүй. Дуу нь салсан харилцаанд харамссан мэдрэмж, эргэн буцах хүслийг илэрхийлдэг бөгөөд өөрийн амьдралаас сэдэвлэсэн, уянгын өнгө аяс давамгайлсан бүтээл юм.
“Эхнэр маань энэ дууг онцгой гэж хэлж байсан ч олон жил өнгөрөхөд онцгой амжилтад хүрнэ гэж бодоогүй” хэмээн Шнайдер дурсан ярив.
Хамгийн анхны “хөдөлгөөн” 2017 онд Netflix-ийн өсвөр насны драм 13 Reasons Why киноны дууны жагсаалтад багтсанаар эхэлсэн.
Шнайдер дунд зэрэг эргэлзэж байсан ч эхнэр нь: “Зүгээр л зөвшөөр. Шоу руу оруулчих” гэж ятгажээ.
Хос Францад аялж байгаад буцаж ирэхэд менежер нь:
“Энэ дуу чинь ямар нэг юм болж байна шүү” гэж мэдэгджээ.
Шнайдер эхлээд түр зуурын эрэлт гэж бодсон ч дуу нь алгуур буурах бус, харин улам бүр өсөх хандлагатай байжээ. 2018 онд Phoebe Bridgers-тэй хамтран шинэ хувилбарыг мөн 13 Reasons Why-д зориулан дуулсан.
Түүний амжилт TikTok дээр хурдацтай тархаж, олон янзын мэдрэмж, түүхүүдтэй нийцэх уян хатан уур амьсгалаараа залуусыг татсаар иржээ. Cosmopolitan сэтгүүл энэ дууг «Уйтгарлаж байгаа үед сонсох хамгийн шилдэг дуунуудын жагсаалт»-ын №1 болгосон.
Дууны үгс:
“I had all and then most of you / Some and now none of you / Take me back to the night we met” — харилцааны эхлэл, төгсгөл, дурсамжийн гунигт аялал.
2024 онд уг дуу Spotify дээр бараг 1 тэрбум удаа тоглуулсан нь өмнөх жилээс 57%-иар өссөн үзүүлэлт юм.
Lord Huron — зөвхөн нэг дуу биш
Lord Huron хамтлаг 2010 онд Бен Шнайдерийн соло төслөөр эхэлсэн бөгөөд дараа нь бүрэн бүрэлдэхүүнтэй хамтлаг болон өргөжсөн. Уянга төгс, ухаарал төрүүлсэн, Америкагийн фолк элемент агуулсан нийт дөрвөн цомог гаргасан бөгөөд тав дахь цомог нь энэ Баасан гарагт худалдаанд гарна.
Шинэ цомгийн нэр: The Cosmic Selector Vol. 1 — 1950-аад оны хэв маягтай «шидэт» хөгжмийн автомат төхөөрөмжийн тухай зохиомжтой. Уг төхөөрөмжөөр хүмүүс өөр ертөнц рүү орж, өнгөрсөнд хийсэн жижиг шийдвэрүүд амьдралыг хэрхэн өөрчилдгийг харуулдаг. Зарим дүрийг жүжигчин Kristen Stewart дуу оруулжээ.
Шнайдер хэлэхдээ:
“Сүүлийн жилүүдэд би амьдрал өөрөөр эргэх боломжуудыг их эргэцүүлж байна. Хоёр сонголтын хоорондын тэрхүү санамсаргүй байдал надад гайхамшигтай санагддаг.”
Мөн:
“Бид аль хэдийн үнэнч фэнүүдтэй байсан учраас нэг хитээр тодорхойлогдсон хамтлаг болж харагдахгүй байгаа нь баярлууштай. Харин энэ дуу хүмүүсийг манай бусад бүтээлүүдтэй танилцахад хөтөлнө гэж найдаж байна.”