Холливудын хамгийн амжилттай, авьяаслаг, үзэсгэлэнт жүжигчдийн нэг болох Марго Робби энэ оны долдугаар сарын 2-нд 35 нас хүрлээ. Австралид өссөн тэрээр кино урлагийн оргилд хүрэх хүртлээ олон саадыг даван туулсан бөгөөд өдгөө дэлхийн кино сонирхогчдын хүндлэлийг хүлээгээд байна.
Марго гэр бүлийн дөрвөн хүүхдийн гурав дахь нь. Түүний аав бага дүү нь төрсний дараа гэр бүлээ орхиж, ээж нь түүнийг өвөө, эмээ дээр нь өсгөжээ. Ээж нь асар их хөдөлмөрч, олон ажил зэрэг хийдэг байсан бөгөөд энэ нь Маргод тууштай, бие даасан чанарыг төлөвшүүлжээ.
Багаасаа хөдөө амьдралд дассан Марго анх 10 настайдаа ресторанд ажиллаж, 16-тайдаа гурван ажил зэрэг хийж байжээ. Жүжигчин болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд сургалтын төлбөрөө өөрөө төлж, сэндвичний газар хүртэл ажилласан түүхтэй.
Марго «Хөршүүд» цувралаар жүжигчний замналаа эхлүүлсэн бөгөөд уг цувралын дараа түүнийг тус рестораны зар сурталчилгаанд тоглохыг урьсан байна. Тэрээр Холливудад очоод «Чарлигийн сахиусан тэнгэрүүд»-ийн дүрийн шалгаруулалтад оролцсон ч сонгогдоогүй. Харин 2013 онд “Уолл-стритийн чоно” кинонд Ди Каприотой хамтран тоглож, олон улсын тавцанд танигдсан.
Жүжигчний замналыг үргэлжлүүлэн “Suicide Squad” кинонд Харли Куинны дүрийг бүтээхийн тулд багадаа сурч байсан гимнастикийн мэдлэгээ сэргээж, “Тоня бүгдийн эсрэг” кинонд тэшүүрээр дахин суралцжээ.
2014 онд найруулагч Том Акерлитэй танилцаж, 2016 онд гэрлэсэн. Тэд хамтдаа LuckyChap Entertainment продюсерийн компанийг байгуулсан бөгөөд олон уран бүтээл дээр хамтарч ажиллаж байна.
Марго Робби шивээс хийх хоббитой бөгөөд зураг авалтын үеэр жүжигчдэд өөрийн гараар шивээс хийж байсан. Сүүлд Chanel брэндийн элч төлөөлөгч болж, улаан хивсэн дээр Prada, Gucci зэрэг алдартай загварын орднуудын хувцсаар гоёдог.
Хувийн амьдралдаа олны нүднээс хол, Европын нэгэн улсад нууц байршилтай модон байшинд нөхөртэйгөө амьдардаг. Марго өдөрт 10 аяга хар цай уудаг бөгөөд хоолны дэглэм барих дургүй, шар айраг уух дуртай гэдгээ ч нууддаггүй.
Марго Роббигийн амжилтын гол нууц нь тууштай байдал, өөртөө үнэнч хандлага, тасралтгүй хөдөлмөр хэмээн хэлж болно. Тэрээр “Би улам хичээн ажилласаар байх болно. Тэгж байж хөгжинө” гэж хэлсэн нь түүний амьдралын философийг илэрхийлдэг.
Марго Роббигийн шилдэг 10 кино:
- Pan Am (2011)
- The Wolf of Wall Street (2013)
- Suicide Squad (2016)
- I, Tonya (2017)
- Goodbye Christopher Robin (2017)
- Mary Queen of Scots (2018)
- Once Upon a Time… in Hollywood (2019)
- Bombshell (2019)
- Babylon (2022)
- Barbie (2023)

