Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Дарьганга уртын дууны анхны олон улсын наадам сүр дуулиантайгаар эхэлж байна. Монголын соёл, язгуур урлагийг дэлхийд сурталчлах энэхүү арга хэмжээнд дөрвөн орны 99 уртын дуучин оролцохоор бүртгүүлжээ.
Наадмын онцлох зүйл бол түүнийг Монгол Улсын Ардын жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, уртын дууч Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит болгон зохион байгуулж буй явдал юм.
Уртын дууны өвийг дэлхийд түгээх эхлэл
Наадмын хүрээнд зөвхөн урлагийн тоглолтоор зогсохгүй:
- Дарьганга уртын дууны үүсэл, түүхэн хөгжлийн талаар эрдэм шинжилгээний хурал
- Өнөөгийн нөхцөл байдлыг авч хэлэлцэх хэлэлцүүлэг
- Урилгаар нэрт эрдэмтэн судлаачид, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн зэрэг хүндэт зочид оролцоно
Сүмбэр Алтан Овооны сүлд дуу
Дарьгангын бүсгүйчүүдийн яруу хоолой, эрчүүдийн аргамаг дууны өлгий нутгаас төрсөн “Сүмбэр алтан овоо” дуу нь наадмын сүлд бүтээл болж байна. Энэхүү дууг наадмын удирдамжид заасны дагуу гурван түрлэгээр дуулах бөгөөд уламжлал, өв соёлыг бүрэн тусгасан бүтээл хэмээгдэж байна.
Сүмбэлзээд сүмбэлзээд харагдах
Сүмбэр алтан овоо минь…
гэх энэ дууг үе үеийн Дарьгангачууд сэтгэл зүрхэндээ уярал, бахархлаар дууласаар ирсэн.
Наадмыг санаачлагч – Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ
Наадмыг санаачлагч Ш.Чимэдцэеэ нь Монголын уртын дууны урлагийг олон улсад сурталчилж ирсэн бөгөөд энэхүү наадмыг цаашид тогтмол, олон улсын цар хүрээтэй зохион байгуулах зорилго тавьсан байна.
Дарьганга уртын дууны наадам зөвхөн нэг нутгийн урлагийн арга хэмжээ бус, Монголын язгуур соёлыг дэлхийд түгээх, залуу үед өвлүүлэх, уртын дууг судалгаа, мэдлэгийн түвшинд хөгжүүлэх чухал алхам болж байна.