SHINee хамтлагийн гишүүнээс эхлэн к-попын дэлхийн хэмжээний од болсон Тэмин карьертаа дахин нэг томоохон амжилтыг нэмлээ. Түүний уран бүтээл, нөлөөг онцолсон тусгай үзэсгэлэн Грэмми музейд нээгдэхээр болж байна.
Billboard-ийн мэдээлснээр “TAEMIN: Performer. Artist. Icon” нэртэй үзэсгэлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нд Лос-Анжелес хот дахь Грэмми музейд нээлтээ хийх бөгөөд тавдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх аж. Ингэснээр Тэмин энэ музейд бие даасан үзэсгэлэнтэй болсон анхны K-pop соло уран бүтээлч болж байна.
Тайзны ард юу өрнөдгийг харуулна
Үзэсгэлэнд Тэминий уран бүтээлийн замнал, тайзны ур чадвар, нөлөөг харуулсан олон үзмэр дэлгэгдэх юм. Үүнд:
- “Ephemeral Gaze” дэлхийн аялан тоглолтын үеийн улаан, хар өнгийн тайзны хувцас
- “Veil” болон “The Kelly Clarkson Show”-д өмссөн цагаан хувцас
- Түүний тусгайлан хийлгэсэн чихэвч
- Тайзны цагаан микрофон
- Албан ёсны lightstick
- Фенүүддээ зориулан гараар бичсэн захидал
Эдгээр нь Тэминий тайзны дүр төрхийн ард буй бүтээлч үйл явцыг илүү ойроос харуулах зорилготой.
Тэрээр энэ талаар “Үзүүлбэр бүхэн миний шүтэн бишрэгчидтэйгээ хамт өнгөрүүлсэн түүхийг өгүүлдэг. Эдгээр тайзны хувцаснууд болон бусад үзүүлэнгүүд тэдгээр дурсамжуудын нэгээхэн хэсэг юм. Үзвэрийг үзэхээр ирж буй хүмүүс миний дуу хөгжмийг гэсэн хайр, хүсэл тэмүүллийг мэдэрнэ гэж найдаж байна. Миний тайзны хувцаснууд Грэмми музейд тавигдаж байгаад үнэхээр баяртай байна” гэжээ.
Тэмин: К-попын нөлөө бүхий уран бүтээлч
Тэмин 2008 онд 14 настайдаа SHINee хамтлагт дебют хийж, богино хугацаанд дуу, бүжгийн ур чадвараараа олны анхаарлыг татсан. SHINee нь Billboard чартад амжилт гаргасан анхны K-pop хамтлагуудын нэг болж, “Lucifer” дуугаараа World Digital Song Sales чартад гуравдугаар байрт хүрч байв.
Тэрээр 2014 онд соло уран бүтээлчээр гарч ирэн “Ace” цомгоо танилцуулсан бөгөөд түүнээс хойш World Albums чартад хэд хэдэн удаа бичигдсэн амжилтыг үзүүлжээ. Мөн World Digital Song Sales чартад 15 хит дуу багтаасан бөгөөд “Veil” дуу нь өндөр амжилт үзүүлсэн байна.
Үүнээс гадна Тэмин SuperM хамтлагийн гишүүн бөгөөд тус хамтлагийн дебют EP нь Billboard 200 чартыг тэргүүлж байсан.
Грэмми музейн удирдлага түүний тухай “Тэмин бол нөлөөлөл нь тайзны үзүүлбэрээс хол давсан жинхэнэ уран бүтээлч юм. Түүний бусдаас ялгарам үзүүлбэрүүд, шинэлэг байдал болон урлагийн мэдрэмж нь к-попыг дэлхийд таниулахад томоохон үүргийг гүйцэтгэсэн. Бид түүний авьяас чадвар, соёлын нөлөөллийг харуулах эдгээр тайзны хувцаснууд болон үзүүлэнгүүдийг олон нийтэд үзүүлэхдээ таатай байна” хэмээн онцолжээ.
Шинэ үе шат үргэлжилж байна
“Ephemeral Gaze” дэлхийн аялан тоглолтоо АНУ, Латин Америк, Европт амжилттай зохион байгуулсны дараа Тэмин Лас-Вегас хотын Park MGM дахь Dolby Live-д бүрэн зарагдсан тоглолт хийсэн. Үүний дараа тэрээр Galaxy Corporation-тэй гэрээ байгуулсан бөгөөд уг агентлагт G-Dragon мөн харьяалагддаг.


