Нүүр хуудас K-popМино шоронд орох уу: Прокурор түүнд бодит хорих ял оноохыг шаардлаа

Мино шоронд орох уу: Прокурор түүнд бодит хорих ял оноохыг шаардлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

БНСУ-ын Winner хамтлагийн реппер Мино буюу Сун Мин У-д цэргийн дүйцүүлэх албаны тухай хуулийг зөрчсөн хэрэгт холбогдуулан нэг жил зургаан сарын хорих ял оноохыг Прокурорын газраас хүсжээ.

Мино 2023 оны гуравдугаар сард цэргийн албанд татагдсан ч албаа энгийн цэргийн хэлбэрээр бус, дүйцүүлэх журмаар буюу нийгмийн ажилтны үүргээр хаахаар болсон байна. Гэвч тэр нийт ажиллах ёстой 430 хоногоос 102 хоногийг тасалсан гэж үзэж байгаа аж. Мөн алба хааж байх хугацаандаа янз бүрийн үдэшлэг, хүлээн авалтад оролцож, АНУ-д дүүгийнхээ хуримд хүртэл очсон төдийгүй авто осолд ч холбогдсон талаар мэдээлжээ.

Прокурор таслалт нь хэт олон байсан гэж үзэв

Мино буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, шүүхээс өөрт нь дахин цэргийн алба хаах боломж олгохыг хүссэн байна. Гэсэн ч Прокурорын газраас түүнд заавал биечлэн эдлэх хорих ял оноох шаардлага гаргасан хэвээр байгаа юм. Үүнтэй зэрэгцэн түүний армийн албыг хариуцаж байсан И Мапо гэх ажилтантай холбоотой шүүх ажиллагаа мөн үргэлжилж байна.

Прокурор “Хэрэгтэн ганц нэг өдрөөр биш маш олон хоногоор ажлаа тасалж байсан. Цэргийн алба огт хаагаагүй гэж үзэхэд болно. Мөн алба хааж, ажил хийж байгаа мэт хуурамч баримт бүрдүүлж байсан нь ялыг хүндрүүлэх шалтгаан болж байна” гэжээ.

Одоогийн хуулиар нийгмийн ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр ердөө найман хоног таслахад хүртэл гурван жилийн ял авах эрсдэлтэй байдаг. Харин Миногийн хувьд 102 өдөр тасалсан гэх мэдээлэл нь хэргийг нэлээд ноцтой түвшинд хүргэж байгаа гэж үзэж байна.

Мино эрүүл мэндийн шалтгаанаа тайлбарлаж, дахин алба хаах хүсэлт гаргав

Миногийн өмгөөлөгч шүүхээс түүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсжээ. Тэрээр “Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг авч үзэхийг хүсэж байна. Тэрээр хоёр туйлт сэтгэцийн эмгэг болон сандралын эмгэгтэй. Бас хүзүүндээ хүнд гэмтэлтэй байсныг авч үзээч. Түүнд шударга иргэн болох боломж олгооч” гэсэн хүсэлт гаргасан байна.

Шүүх хурлын үеэр Мино сүүлчийн үг хэлэхдээ “БНСУ-ын иргэн бүр гүйцэтгэх ёстой эх орноо хамгаалах үүргээ би дуустал нь биелүүлж чадсангүй. Би хоёр туйлт сэтгэцийн эмгэг болон сандралын эмгэгтэй. Гэхдээ энэ нь өөрийгөө өмөөрсөн хэрэг болно гэдгийг ойлгож байна. Олон нийтийн танил хүн гэдгээрээ би бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой байлаа. Хэрэв надад цэргийн алба дахин хаах боломж олговол би үнэн сэтгэлээсээ хаахад бэлэн байна. Уучлаарай. Ямар ч шийтгэл оноосон хүлээн авах болно” гэж хэлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх