Кэти Перри одоогийн хайртай хүн, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой хэрхэн учирсан болон тэдний харилцаа түүнд ямар утга учиртай болсон талаар нээлттэй ярьжээ. People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 41 настай дуучин бүсгүй үргэлж “том, мартагдашгүй хайр”-ыг хүсдэг байсан бөгөөд Трюдо түүний амьдралд яг хэрэгтэй үед нь орж ирсэн гэж хэлсэн байна.
“Би үргэлж агуу, том хайрыг хүсдэг байсан”
Кэти Перри өөрийн сэтгэл зүйчтэй ярилцахдаа амьдралынх нь бараг бүх зүйл том цар хүрээтэй байдаг ч хайр дурлалын нэг чухал хэсэг дутагдаж байгаа мэт санагддаг байсан тухайгаа хуваалцжээ.
Тэрээр:
“Би үргэлж агуу, том хайрыг хүсдэг байсан. Би энэ тухай сэтгэл зүйчтэйгээ ярьж байсан. Миний амьдралын бүх зүйл сүртэй, том байдаг ч яг ийм хайр л дутуу байсан хэсэг шиг санагддаг байлаа. Тэгээд тэр гарч ирсэн” гэжээ.
Дуучны хэлснээр Жастин Трюдо түүнд зөвхөн шинэ хайр дурлал төдийгүй хүнд үед нь сэтгэл санааны түшиг болж чадсан байна.
Орландо Блумтой салсны дараах хүнд үеийг даван туулахад нь тусалжээ
Кэти Перри өмнө нь жүжигчин Орландо Блумтой есөн жилийн турш харилцаатай байсан. Тэдний дундаас 2020 онд Дейзи Дав нэртэй охин төрсөн юм.
Перри өмнө нь Орландо Блумтой салсны дараа олон зүйлд гомдож, уурлах шалтгаан байсан ч тэр мэдрэмжүүдээ удаан хугацаанд дотроо дарж явсан тухайгаа ярьж байжээ.
Харин Жастин Трюдо энэ хүнд үеийн дараа түүнд дэмжлэг үзүүлсэнд дуучин талархаж явдгаа онцолсон байна.
Кэтигийн хувьд шинэ харилцаа нь өнгөрсөн үеийн гомдлоо даван туулах, амьдралдаа дахин итгэлтэй хандахад нь тодорхой хэмжээгээр тусалсан гэж хэвлэлд дурджээ.
Тэдний тухай цуурхал жилийн өмнөөс эхэлсэн
Кэти Перри болон 54 настай Жастин Трюдо нарын романтик харилцааны тухай анхны мэдээлэл жилийн өмнөөс гарч эхэлсэн юм.
Тухайн үед тэд хамт оройн хоол идэж байхдаа олны дуранд өртсөн бөгөөд удалгүй Трюдо Кэти Перригийн тоглолтыг үзэхээр очжээ.
Үүний дараа хосыг дарвуулт завин дээр үнсэлцэж байх үед нь зураг авсан нь тэдний харилцааны талаарх цуурхлыг улам хүчтэй болгосон байна.
Трюдо өмнө нь 18 жил гэрлэж байжээ
Жастин Трюдо хэдэн жилийн өмнө эхнэр Софигоосоо салсан. Тэд 18 жилийн турш гэр бүл байсан бөгөөд хамтдаа гурван хүүхэдтэй болсон юм.
Кэти Перри харин шинэ харилцааныхаа талаар сүүлийн үед илүү нээлттэй ярьдаг болжээ. Тэр өмнө нь Жастин Трюдог өөрийнх нь амьдралд ирсэн “бурхны адислал” хэмээн нэрлэж байсан юм.
Одоо дуучин бүсгүй энэ харилцааг амьдралдаа удаан хугацаанд хайж явсан том хайрын нэг хэсэг гэж харж байгаагаа нуухгүй байна.