Английн зохиолч Льюис Кэрроллын 1865 онд туурвисан “Алиса гайхамшгийн оронд” хэмээх алдарт уран зөгнөлт зохиол нь хүүхдэд зориулсан мэт боловч гүн ухаан, логик болон сэтгэлзүйн гүнзгий утга агуулгаар дүүрэн бүтээл юм. Тус зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн кино нь үзэгчдийг гэнэн мэт атлаа цаанаа нарийн утга бүхий “Гайхамшгийн орон”-оор аялж, сэтгэхүй, төсөөллийг нь цоо шинээр нээж өгдгөөрөө онцлогтой.
Алиса Кингслэй хэмээх охин багадаа энэ ер бусын ертөнцөд очиж байсан ч түүнийг зүүд хэмээн бодож, олон жил мартжээ. Гэвч сүйт залуугийнхаа зохион байгуулсан үдэшлэг дээр цагаан туулайг даган нүх рүү унах мөчөөс түүний амьдралд дахин онцгой эргэлт тохионо. Уг нүх түүнийг Гайхамшгийн орон руу хөтөлж, Галзуу малгайчин, үл үзэгдэгч муур зэрэг хуучны анд нөхөдтэй нь дахин учруулдаг. Тэрхүү ертөнцөд Улаан хатны хэрцгий ноёрхлыг дуусгах тавилан Алисад оногджээ.
Киноны туршид Алиса биеийн хэмжээгээ дахин дахин өөрчилж, янз бүрийн орчинд очин, сонин содон хүмүүстэй уулздаг. Энэ бүхэн нь хүний сэтгэл зүй, дотоод хөгжлийг илэрхийлсэн бэлгэдэл бөгөөд томрох, жижгэрэх нь өөрийгөө танин мэдэх үйлийн бэлэн дүрслэл болдог. Хүүхдийн өсөлтийн үйл явцыг зүйрлэн харуулсан энэхүү аялал нь үзэгчдийг сэтгэлзүйн гүн рүү хөтөлдөг.
Кинонд олон шог хошин яриа, логикгүй мэт харилцан яриа орж ирэх нь зугаатай хэрнээ үзэгчийн оюун ухааныг сорьдог. Эдгээр хэллэг нь аливаа зүйлийг шууд бус өнцгөөс харж, амьдралыг улам гүн утгаар нь мэдрэхэд тус болдог. Хэдийгээр энэ бүтээл хүүхдүүдэд зориулсан мэт харагдавч, томчууд ч өөрийгөө эргэцүүлэн бодох, сэтгэлгээний хил хязгаараа даван туулах боломжийг олж авдаг. Адал явдал бүрийн ард орших философи, энгийн мэт атлаа гүн утга агуулгатай асуултууд “Би хэн бэ?”, “Би хаашаа явж байна вэ?” хэмээх амьдралын гол эргэлзээнд хөтөлдөг.
“Алиса гайхамшгийн оронд” бол хүүхдийн үлгэрийн ертөнцөөр дамжуулан хүн бүрийн дотоод ертөнцөд хүрч, танин мэдэхүйн эрэл, итгэл найдвар, сэтгэл зүйн төлөвшлийг уран зөгнөл, дүрслэл, адал явдлаар нэхэн өгүүлсэн гайхалтай бүтээл юм. Энэ кино зөвхөн хүүхдүүдийг баясгахаас гадна хүн бүрийн сэтгэл дэх “бяцхан Алиса”-г сэрээж, төсөөллийн гайхамшгийг дахин мэдрүүлдэг билээ.