“Amazing Thailand x Lisa” аяны дараа жуулчдын урсгал огцом нэмэгдэв
Тайландын Аялал жуулчлалын газар (TAT) BLACKPINK-ийн Лизагийн оролцсон аялал жуулчлалын кампанит ажлыг Удон Тани мужийн Улаан лотусын тэнгисийг олон улсын жуулчдын шинэ халуун цэг болгоход жинтэй хувь нэмэр орууллаа хэмээн албан ёсоор үнэлэв.
“Amazing Thailand x Lisa” хамтарсан аянд дуучин Лизаг Удон Танигийн алдарт Улаан лотусын тэнгис дээр онцолж харуулснаар энэ бүс нутгийг өмнө нь огт мэдэхгүй байсан гадаад жуулчид ч зорьж очих болсон гэж TAT-ын захирал Тапани Киатпайбул мэдээлжээ.
Улаан лотусын тэнгис жуулчдын шинэ “палом” боллоо
Кампанит ажлын дараа Удон Тани руу зорих жуулчдын тоо мэдэгдэхүйц өсөж, өнгөрсөн сард гэхэд л 50 мянга гаруй гадаад жуулчин Улаан лотусын тэнгисийг зорьсон гэх тоо баримт гарчээ. Өдөр бүр дор хаяж 100 завь жуулчдад үйлчилгээ үзүүлж, цэцэглэл бүхий нуурыг үзүүлэх болсон нь өмнөх жилүүдийн дундаж үзүүлэлтээс хавьгүй өндөр үзүүлэлт гэж TAT онцолсон байна.
Тайландын аялал жуулчлалын салбарын төлөөлөл “Лизагийн оролцсон сурталчилгаа гарсны дараа Удон Танигийн нэр дэлхий даяар илүү тод сонсогдож, нуур орчмын эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлж байна” хэмээн тэмдэглэжээ.
Фэнүүд “Лизагийн эффект”-ийг газар дээр нь мэдрэхээр зорьж байна
Тайландын аялал жуулчлалын байгууллагууд Лизагийн сурталчилгаанд гарсан байршлууд руу фенүүд зориуд очиж, түүний зураг авхуулсан өнцөг, позыг яг дууриан дахин бүтээдэг болсон нь жуулчлалын шинэ чиг хандлага бий болгосон гэж дүгнэж байна.
Ингэж фэнүүд нийгмийн сүлжээнд өөрийн авсан зургаа нийтэлснээр Улаан лотусын тэнгисийн тухай контент улам олон хүнд хүрч, “Лизагийн эффект” гэх нэршил бодит жишээ болон харагдаж байна.
“Лизагийн эффект”: зөвхөн K-pop бус, улс орны жуулчлалд нөлөөлөх хүч
Сошиал орчинд Тайланд болон олон улсын хэрэглэгчид Лизагийн нөлөөг зөвхөн хөгжмийн тавцанд бус, бодит аялал жуулчлал, бүс нутгийн эдийн засагт хүртэл тусч байна гэж бичицгээж байна. Хэрэглэгчид “Лиза Удон Тани хотыг жинхэнэ утгаараа заавал очиж үзэх газрын нэг болголоо”, “Түүний нөлөөг гүйцэх түвшинд хүрэх хүн цөөхөн”, “Энэ бол жинхэнэ утгаараа нөлөөлөгч – зөвхөн сошиалд биш, нийгэм, улс орны хэмжээнд үнэн бодит өөрчлөлт авчирч байна” гэх агуулгатай сэтгэгдлүүдтэйгээр хариу өгчээ.
Ийнхүү “Amazing Thailand x Lisa” аян нь нэг уран бүтээлчийн брэнд, нэр хүнд зөв стратегитай хосолвол аялал жуулчлалын бодлоготой шууд уялдан, тодорхой бүс нутгийг дэлхийн газрын зураг дээр шинээр тодруулж чаддаг гэдгийг харуулсан бодит кейс болон үлдэж байна.