Хувийн бизнес, студи, уран бүтээл гэхчлэн түүний өдөр тутмын амьдрал бараг нэг км-ийн дотор багтана. Хөгжимчин, продюсер, бизнес эрхлэгч Б.Баярцэнгэлийн ертөнцөд зочлон, дурсамж, урам зориг, уран бүтээлийн тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Бид түүний “Lotus” кофе шопоос яриагаа эхлүүлж, студид нь очин шинэхэн уран бүтээлийг нь сонсож, амьдралын философитой нь танилцав. Гадаа нь галын машин ирсэн ч “манайх лав биш биз дээ” хэмээн тайван инээмсэглэж суух энэ залуугийн тайван хэр нь уран сэтгэлгээтэй төрх, хөгжимд үнэнч хандлага нь анхаарал татсан юм.
“Одоо би дуулж болох уу?”
Б.Баярцэнгэлийн хөгжмийн гараа зургаан настайдаа эхэлсэн. Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэхээр шалгалт өгөхөд эгч нь “одоо л орж чадахгүй бол дахиж битгий дуулаарай” гэсэн гэдэг. Түүнийг шалгалтаас гарч ирээд “Одоо би дуулж болох уу?” хэмээн асууснаас хойш дуу, хөгжимтэй салшгүй холбоотой болсон.
Эгч нь мэргэжлийн хөгжимчин болохыг мөрөөддөг ч төдийлөн амжилтад хүрээгүй. Харин дүү нь тэр хүслийг өвлөн авч, морин хийлийн ангид орж, төгөлдөр хуур тоглож, уралдаанд оролцож, дүүргийн шилдэг хүүхэд болсон байна.
Хөгжим — өнгө, мэдрэмж, дахин төрөх мэдрэмж
Сурагч байхдаа сэтгэлзүйгээр шантрах үе олон байсан ч хөгжмийн уран бүтээлчдийн бүтээлээр дахин урам авсан. Леонид Коганий хүчирхэг, уянгалаг хөгжмийн арга барил, Де Буссигийн “шаргал үст охин” бүтээл түүний сэтгэлийг дахин хөглөсөн. Баярцэнгэлийн хэлснээр:
“Хөгжимчин хүн өөрийн урсгалаа олсон мөчид дахин төрдөг юм шиг.”
San Juniper — Гудамжнаас тайз хүртэл
2016 онд Гэрэлт гудамжны нээлтийн арга хэмжээнд тоглохдоо ирээдүйн хамтлагийн гишүүнтэй танилцаж, San Juniper хамтлагийн үндэс тавигджээ. Хийлийг гоцлол хөгжмөөр ашигласан нь хамтлагийн онцлог болсон бөгөөд нэр нь Netflix-ийн “Black Mirror” цувралын “San Junipero” ангитай холбоотой.
Компьютер авч, хөгжим хийж эхэлсэн түүх
Анхны хөгжмийн программтай танилцсан нь бүтэлгүй тоглолтын дараа байв. Тоглолтын алдаанаас шалтгаалан өөрөө хөгжмөө зохиох хэрэгтэйг ойлгож, Хятадаас тоглолтын хөлсөөр анхны компьютерээ авч, продюсерын замналаа эхлүүлжээ.
“Affection” дуу нь дуучин Маралжингоотой хамтран хийсэн анхны уран бүтээл нь болсон байна.
Moustache Studio – Германд эхэлсэн санаа
2018 онд Германд жүжигт оролцож, уран бүтээлч найзын хамт Moustache Studio-г үндэслэсэн. Түүний хамт ажилласан германы найз 2023 онд “All Quiet on the Western Front” киноны продюсероор Оскар авсан нь дахин урам өгсөн үйл явдал байв.
Lotus кофе шоп – Эрх чөлөөг мэдрүүлсэн орон зай
Баярцэнгэл өөрийн дуртай орчныг бүтээж, хамгийн эрт нээгддэг кофе шоп болох Lotus-ийг үүсгэн байгуулсан. Түүний хүсэл нь — хүмүүст эрт амжиж ажиллах, бүтээлч байдлаа хөгжүүлэх тайван орон зай өгөх байжээ.
Bay’s Foundation for Young Talents — Хүүхдүүдэд итгэл төрүүлнэ
Санхүүгийн боломжгүйгээс болж авьяастай хүүхдүүд тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байгааг бодсоноор Bay’s Foundation for Young Talents санг байгуулжээ. Эхний жилд таван сурагч, нэг багшийг дэмжиж, гурван хүүхэд Чех улсад шагнал хүртсэн нь сангийн бодит үр дүнг илтгэж байна.
Ирээдүйн зорилго – Цогц уран бүтээл
Баярцэнгэл одоо зөвхөн хөгжим бус, дуу, видео клип, продакшн бүгдийг нэг дор багтаасан цогц уран бүтээл дээр төвлөрч байна. Өчигдөрхөн түүний анхны бие даасан дуу цацагдсан нь энэхүү зорилгын эхлэл юм.