Францын сонгодог бүтээлийг Монголын тайзнаа дахин амилуулна
Монголын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид Францын хөгжмийн зохиолч Адольф Аданы “Жизель” сонгодог балетыг энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд үзэгчдэд хүргэх гэж байна. Энэхүү бүтээл нь дэлхийн сонгодог урлагийн үнэт өвд тооцогддог бөгөөд олон зуун жилийн турш үзэгчдийн сэтгэлд үлдсэн алдарт балет юм.
“Жизель”-ийн сэдэв санаа нь Францын зохиолч, яруу найрагч Теофиль Готтье-гийн урам зориг, Германы зохиолч Генрих Гейнегийн “Германы тухай” хэмээх номын хэсгээс төрсөн аж. Готтье номыг уншихдаа сарны гэрэлд бүжиглэн буй виллисүүд буюу үхэгсдийн сүнснүүдийн тухай дүрслэлд гүнзгий сэтгэгдэл авч, “Энэ гайхамшигт санаагаар балет хийж болох юм байна” хэмээн урамшин, зохиолч Ж.Сен-Жорж-ийн тусламжтайгаар жүжгийн цомнолыг бичжээ.
“Жизель” — романтизмын оргил бүтээл
Энэхүү гайхамшигт балетыг анх 1841 оны 6 дугаар сарын 28-нд Парисын “Гранд опера” театрт Жан Коралли болон Жюль Перро нарын дэглэлтээр тайзнаа амилуулсан байна. Үүний дараа уг бүтээлийг Лондон, Москва, Милан, АНУ зэрэг олон оронд дараалан тоглож, дэлхийн сонгодог балетын дээд оргилд хүрчээ.
1884 оноос эхлэн алдарт балетмейстер Мариус Петипа бүтээлийг дахин найруулан дэглэж, өнөөг хүртэл дэлхийн театруудад тоглогдсоор буй хувилбарыг бий болгосон юм.
Монголын тайзнаа “Жизель” анх 1979 онд тавигдаж байсан бөгөөд тэр цагаас хойш олон үеийн бүжигчид энэ бүтээлээр ур чадвараа сорьсоор иржээ.
Хоёр үзэгдэл, нэг сэдэв — хайрын мөнхийн гуниг
“Жизель” нь романтизмын урсгалын нөлөөгөөр бүтсэн уянгын балет юм. Хайр, урвалт, өршөөл, үхлийн дараах гунигт уянга хосолдог энэ бүтээлд эмэгтэй бүжигчдийн нарийн хөдөлгөөн, нисэх мэт үсрэлтүүд, мөн пуанты бүжгийн урлагийн шинэчлэл тод тусдаг.
Зохиолч Ж.Сен-Жорж жүжгийн бүтцийг хоёр үзэгдэлд багтааж, мөрөөдөл, гашуудал, хайр, хувь тавилангийн эмзэг харилцааг уран яруу илэрхийлжээ. Тэрээр өмнөх үеийн бүжгийн уламжлалыг романтизмын шинэчлэлтэй хослуулснаар “Жизель”-ийг сэтгэлийн гүн рүү нэвтрэх сэдэвтэй, философийн утгатай балет болгосон юм.
Балетын урлагийн төгс илэрхийлэл
А.Аданы “Жизель” нь эмэгтэй дүрийн гоо зүй, уян налархай хөдөлгөөн, хүний сэтгэлийн гүн уянга-г нэгэн зэрэг илэрхийлсэн ховор бүтээл хэмээгддэг. Алдарт бүжигчин Мария Тальони анх пуантийн техник буюу хуруун дээр бүжиглэх урлагийг энэ балетаар түгээж, бүжгийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн байдаг.