Аймшгийн жанрын сонгодог бүтээл болох “Chucky (Child’s Play)” киноны алуурчин хүүхэлдэй Чакигийн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр Лос Анжелес хотод 61 насандаа хорвоог орхижээ. Түүний зээ дүү Кейс Гейл энэхүү гунигт мэдээг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн бөгөөд нас баралтын шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Эд Гейл 1963 онд АНУ-ын Мичиган мужийн Плейнвелл хотод мэндэлж, 20-иод насандаа жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн ердөө 41 доллартойгоор Лос Анжелес хот руу нүүж байсан гэдэг. Тэрбээр 1986 онд “Нугас Ховард” (Howard the Duck) хэмээх кинонд анх дүр бүтээж, хоёр жилийн дараа буюу 1988 онд түүнийг Холливудын алдар суутай нэгэн болгосон Чакигийн дүрд тогложээ.
«Child’s Play» киноны найруулагчаар Том Холланд ажиллаж, гол дүрүүдэд Крис Сарандон, Кэтрин Хикс, Алекс Винсент, Дина Маноф, Томми Свердлоу зэрэг жүжигчид тоглосон байдаг. Энэхүү бүтээл нь тухайн үеийн кино урлагт томоохон нөлөө үзүүлж, Чакигийн дүр аймшгийн киноны түүхэнд мартагдашгүй дүр болон мөнхөрсөн билээ.
