Хүнд өвчний онош
Канадын нэрт хүүхдийн зохиолч Роберт Манч 80 насандаа сайн дураар энэ хорвоог орхих албан ёсны зөвшөөрөл авсан байна. Түүнд 2021 онд Паркинсоны өвчин болон ой санамжийн доройтол (дементиа) гэсэн онош тавьсан юм.
Уран бүтээлийн замнал
Манч нийтдээ 85 ном бичиж, дэлхий даяар алдаршсан. Түүний бүтээлүүдээс Монголд “Стефаны сүүл” зэрэг зохиолууд хэвлэгдэж байв. Бүтээлүүд нь орос, араб, монгол зэрэг 20 гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд зөвхөн Хойд Америкт 80 сая гаруй хувь нь худалдаалагджээ. Тэрээр 1999 онд Канадын Хүндэт одонгоор шагнагдаж, 2009 онд Алдрын гудамжинд одтой болсон юм.
Хувийн шийдвэр
Зохиолч New York Times Magazine-д өгсөн ярилцлагадаа “Яг хэзээ амьдралаа төгсгөх талаар шийдээгүй байгаа. Ярьж чадахгүй, хүмүүстэй харилцаж чадахгүй болох үедээ бодож эхэлнэ” гэжээ. Тэрээр ахынхаа хүнд өвчний зовлонг харсан нь өөрийн сонголтод нь нөлөөлснийг нуусангүй. “Ах минь маш хүнд өвчтэй эмчлүүлж байлаа. Эмч нар янз бүрийн аргаар түүнийг торгоогоод байсан. Маш хэцүү. Харин би дотроо ‘Түүнд үхэх боломж олгооч’ гэж бодож байсан” хэмээн сэтгэлээ илэрхийлсэн байна.
Хуулийн зохицуулалт
Канад улс 2016 оноос эхлэн эдгэршгүй, амь насанд халтай өвчтэй хүмүүст сайн дураар нас барах зөвшөөрөл олгож эхэлсэн. 2021 онд хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор амь насанд аюулгүй боловч архаг, хүнд өвчтэй хүмүүст ч ийм сонголт хийх эрх нээгдсэн юм.
Хамт олны үнэлгээ
Зохиолчийн олон жил хамтран ажилласан Scholastic хэвлэлийн газраас “Ил тод, шударга зан нь Манчийг хайрлах хамгийн том шалтгаан байдаг. Ингэж үнэнээ хэлнэ гэдэг агуу, хүнлэг үйлдэл. Яагаад Робертын номууд хүмүүсийн сэтгэл зүрхийг хөдөлгөдөг вэ гэдэг асуултын хариу нь энэ” хэмээн мэдэгдэл гаргасан байна.