Загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг болох Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактороор Клои Мал томилогдохоор болжээ. Өдгөө 39 настай тэрээр өнгөрсөн 14 жилийн турш тус сэтгүүлд ажиллаж, гэрээт сэтгүүлчээс эхлэн шат ахисаар Vogue.com сайтын ерөнхий эрхлэгч, “The Run Through” подкастын хөтлөгч хүртэл дэвшин ажилласан юм.
Клои Мал нь Францын алдарт найруулагч Луи Мал, Америкийн жүжигчин Кендис Берген нарын охин бөгөөд Парис, Лос Анжелес хотын хооронд өссөн. Тэрээр ажил мэргэжлийн гараагаа New York Observer сонинд үл хөдлөх хөрөнгийн талаар бичиж эхэлснээр эхлүүлжээ.
Энэ оны зургадугаар сард 37 жилийн турш “Vogue”-ийг удирдсан Анна Винтур албан тушаалаа өгч буйгаа мэдэгдсэн. Түүний дараа ердөө хоёр сарын дотор уг өндөр хариуцлагатай албан тушаалын эзэн тодорч, “Vogue”-ийн шинэ эрин үе Клои Малын удирдлага дор эхлэхээр болж байна.
Клои Мал өөрийн томилгооны талаар:
“Vogue” сэтгүүл өнөөдрийн намайг бүтээсэн. Би сэтгүүлийнхээ ирээдүйг хариуцаж, хөгжүүлэн авч явах болсондоо үнэхээр баяртай байна” хэмээн онцолжээ.
Харин Анна Винтур түүнийг “Vogue”-ийн түүхэн уламжлалыг хадгалж, ирээдүйд чиглэсэн шинэчлэлийг амжилттай тэнцвэржүүлж чадах хүн” гэж тодорхойлсон байна.
Гэсэн хэдий ч Анна Винтур “Vogue”-ийн ерөнхий редакторын ажлаа өгсөн ч хэвлэлийн газрын контент хариуцсан ахлахын албан тушаалд үлдэж, “GQ”, “Wired”, “Tatler” зэрэг Condé Nast-ийн бусад хэвлэлүүдийн контентыг хариуцсаар байгаа юм.