Нүүр хуудас Уран сайханАмжилтын босгоноос уруудсан Аштон Холл хэрхэн дахин амжилттай сэргэж чадсан бэ?

Амжилтын босгоноос уруудсан Аштон Холл хэрхэн дахин амжилттай сэргэж чадсан бэ?

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өглөө бүр 04:00 цагт сэрж, өндөр үнэтэй рашаанаар нүүрээ угаан, биеийн тамирын бэлтгэлээ алгасалгүй хийдэг Аштон Холл өдгөө цахим сүлжээнд 18 сая гаруй дагагчтай. Тэрбээр саяхан Монгол Улсад ирж, олон нийтийн анхаарлыг татсан видеог нийтэлснээр дахин олны анхаарлын төвд орсон. Тэгвэл “NEWS” агентлагийн “Хүмүүс” буланд энэ удаа Аштон Холлыг онцолж байна.

Хөлбөмбөгчний мөрөөдлөөс бодит амьдрал руу

Аштон Холл 1995 оны аравдугаар сарын 24-нд АНУ-ын Флорида мужийн Жэксонвилл хотод мэндэлжээ. Тэр бага наснаасаа хөдөлгөөнтэй, зорилготой нэгэн байсан бөгөөд “First Coast” ахлах сургуульд сурч байхдаа сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглож эхэлсэн байна. Коллежоо “Alcorn State University”-д үргэлжлүүлж, сургуулийнхаа багт нэг жил орчим тоглосон ч онцгой амжилт гаргаж чадаагүй.

Коллежоо төгссөний дараа “NFL”-д нэвтрэх гэж хичээж, “Baltimore Ravens” болон “Indianapolis Colts” багт бэлтгэл хийж байсан ч мэргэжлийн түвшинд хүрч чадалгүй бага лигт үлдсэн. Тухайн үед өдөрт 200 ам.долларын орлогоор амьдралаа залгуулж байсан бөгөөд удалгүй спортоо орхихоор шийджээ.

Сэтгэл гутрал ба өөрчлөлтийн эхлэл

Хөлбөмбөгөөс гарсны дараа тэрбээр гүн сэтгэл гутралд орж, бэлтгэл хийхээ больж, бие махбодь нь өөрчлөгдөн, ганцаардалд автсан байна. Гэвч нэгэн найзынхаа шүүмжлэлийн дараа өөрийгөө эргэн харан, ахлах сургуулийн үеийн зургаа харж, “би дахин эхлэх ёстой” гэж шийдсэнээр өөрчлөлт эхэлжээ.

Цар тахлын үеийн шинэ зам

COVID-19 цар тахлын үеэр фитнес клубийн менежер, дасгалжуулагчийн ажлаа алдсан тэрбээр “ASH Fitness” нэртэй цахим платформ нээн, биеийн жингээр хийх дасгал, дэглэм, өдрийн төлөвлөгөө зэргийг хуваалцаж эхэлжээ. Үүний дараа “Ashton Hall Official” нэртэй платформ руу шилжиж, амьдралын хэв маяг, сэтгэлзүйн дасгал, сахилга бат зэрэг сэдвийг хамарсан нэгдмэл хөтөлбөр бий болгосон байна.

2024 онд нийтэлсэн өглөөний дэглэмийн бичлэг нь вирус мэт тархаж, түүний нэр дэлхий дахинд түгжээ. Дэглэмд нь:

  • 03:52 – сэрэх
  • Хүйтэн усанд нүүрээ дүрэх
  • Амьсгалын дасгал хийх
  • Өдрийн тэмдэг хөтлөх
  • 05:00 – биеийн тамирын дасгал
  • Гадилын хальсаар нүүрээ арчих
  • Нар мандахаас өмнө бүх ажлаа амжуулах

гэх мэт багтдаг. Түүний энэ дэглэм TikTok-оос эхлээд “X” болон Instagram-д нийтлэгдэж, 770 сая гаруй үзэлт авсан байна.

Шүүмжлэл, хариулт, зорилго

Олон нийт түүнийг магтахаас гадна шүүмжлэл ч өрнүүлжээ. Түүний өглөөний хатуу дэглэмийг зарим нь “токсик эрэгтэй шинж” хэмээн тодорхойлсон ч Аштон “Энэ бол миний амьдрал. Хүн бүр ингэж амьдрах албагүй, гэхдээ өөртөө тохирох дэглэмийг олж авах хэрэгтэй” хэмээн хариулсан.

Сэтгэлзүй – амжилтын үндэс

Аштон Холл амжилтын гол түлхүүрийг сэтгэлзүйд оршдог гэж үздэг. Бие махбодыг өөрчлөхөөс өмнө сэтгэл оюунаа зөв чиглүүлж сурах ёстой гэдгийг тэр үргэлж онцолдог. Тиймээс цахим хуудсаараа дамжуулан айдас, сэтгэл зүйн зовлон, бэрхшээлээ илэн далангүй хуваалцаж, бусдад урам зориг өгдөг.

“Таны бие бол үр дүн. Харин тулаан бол тархинд чинь явагдаж байна” гэж тэр дагагчдадаа уриалдаг.

Өнөөдөр ба ирээдүй

Одоогоор Аштон “Instagram”-д 18.1 сая дагагчтай, “WorthySupps” нэртэй нэмэлт бүтээгдэхүүний брэндийг байгуулан хэдэн сая ам.долларын орлого олж байна. Түүнчлэн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих кампанит ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Аштон Холл бол зүгээр л эрт сэрдэг залуу биш. Тэрбээр өөрийгөө шатааж, шантарсан ч босч чадсан, өөрийн амьдралд дахин шинэ эхлэл өгч чадсан жинхэнэ «дахин төрсөн хүн» юм.

“Бүтэлгүйтэл бол төгсгөл биш. Харин шинээр эхлэх дохио” — түүний түүх энэхүү үнэнийг баталж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх