УДЭТ-ын уран бүтээлчид сонгодог бүтээлээ шинэ бүрэлдэхүүнээр хүргэнэ
Улсын драмын эрдмийн театрын (УДЭТ) уран бүтээлчид Оросын суут зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээ 2025 оны аравдугаар сарын 10-наас дахин тайзнаа тоглохоор болжээ.
Энэхүү жүжгийг анх 2020 онд Монголын үзэгчдэд хүргэж байсан бөгөөд дэлхийн утга зохиолын сор бүтээлүүдийн нэгийг тайзны урлагийн хэлээр амилуулсан нь тухайн үедээ өндөр үнэлгээ авч байв.
Эмэгтэй хүний сэтгэлийн гүнээс ургасан сонгодог бүтээл
“Анна Каренина” роман нь эмэгтэй хүний хайр, гэр бүл, амьдралын зөрчил, хувь заяаны тухай өгүүлдэг бөгөөд дэлхийн утга зохиолд эмэгтэйчүүдийн заавал унших ёстой бүтээл хэмээн тооцогддог.
Жүжгийн зохиолыг Н.Пүрэвдагва бичиж, найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан бол,
зураачаар Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр тус тус ажиллажээ.
Шинэ “Анна”, шинэ тайз
Хоёр бүлэг, 23 үзэгдэлт тус жүжгийг УДЭТ энэ оны тавдугаар сард шинэ бүрэлдэхүүнтэйгээр, шинэ “Анна”-тайгаар дахин үзэгчдийн хүртээл болгосон бол одоо намрын тоглолтоо эхлүүлж байна.
Гол дүрийн бүрэлдэхүүн
- Анна Каренина – О.Хонгорзул
- Анна (Хувь заяа) – Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд
- Алексей Вронский – Т.Сэргэлэн
- Алексей Каренин – И.Дашнамжил
- Долли Облонская – О.Долгор
- Кити Щербацкая – Ц.Цэлмэг, А.Номин-Эрдэнэ
- Степан Облонский – Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх
- Варя Вронская – Гавьяат жүжигчин Ц.Баясгалан
- Бетси Тверская – М.Тогтохжаргал
- Константин Левин – Б.Шинэбаяр
- Щербацкий ван – Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва
- Щербацкая хатагтай – Ардын жүжигчин Ж.Оюундарь