Архангай аймагт уламжлал болон зохиогддог “АРА ФЕСТ” наадам энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэхээр товлогджээ. Наадам нь энэ жил цар хүрээгээ улам тэлсэн бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, олон улсын нэр хүндтэй уран бүтээлчид, Монголын үе үеийн одууд болон үндэсний өв соёлыг нэгтгэсэн нэгдсэн арга хэмжээ болон өргөжжээ.
Наадмын гол зорилго нь Монголын язгуур өв соёлыг олон улсад сурталчлахын зэрэгцээ орчин үеийн урлагийн бүх төрөл зүйлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх явдал юм. Үүний зэрэгцээ үзэсгэлэнт Архангай нутгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийг зорьж байна. Энэ жилийн наадам нь зөвхөн хөгжмийн тоглолт гэхээс илүүтэйгээр гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа оролцож, мартагдашгүй дурсамж бүтээх боломжтой цогц орчинг бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой.
Наадмын хүрээнд зохион байгуулагчид дэд бүтцийн шинэчлэлтийг хийн, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлжээ. Тухайлбал, нарны эрчим хүчээр ажиллах байгууламжууд, 8 метр өндөр гулсуур, 300 метрийн урттай зип лайн, олон улсын шаардлага хангасан морин тойруулгын талбай, боловсронгуй ариун цэврийн байгууламжууд зэрэг олон шийдлийг ашиглалтад оруулсан байна.
АРА ФЕСТ 2025 нь долоо болон наймдугаар сарыг дамнан үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр өөр төрлийн соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. Наадмын нэг онцлог нь майхантай аялагчдад зориулсан тусгай бүсүүдийг бий болгосон бөгөөд аяллын шинэ шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа Монголд танилцуулж байгаагаараа ялгарч байна.
1 comment
Архангай үзэсгэлэнтэй газар, соёл урлагтай хослоод бүр ч гоё байна