Нүүр хуудас Үйл явдал ба зар“Asia Folk 2025” наадамд 11 орны 170 уран бүтээлч Улаанбаатарт чуулна

“Asia Folk 2025” наадамд 11 орны 170 уран бүтээлч Улаанбаатарт чуулна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулагдах “Asia Folk 2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд нийт 11 улсын 170 уран бүтээлч оролцоно. Энэ нь нийслэлийн нэрийн соёлын брэнд үйл ажиллагааны нэг болоод буй тус наадмын долоо дахь удаагийн зохион байгуулалт юм.

Наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ зэрэг орнуудын уран бүтээлчид бүртгүүлэн оролцохоор болсон бөгөөд тэд Монголын уран бүтээлчидтэй хамт ардын урлагийн тоглолт, үндэсний хувцастай парад, гар урлалын үзэсгэлэн худалдаа, сургалт, воркшоп зэрэг олон арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд хүргэнэ.

Анх 2019 онд “Азийн ардын урлагийн наадам” нэрээр эхэлсэн тус арга хэмжээ 2020-2022 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байсан бол 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулж буй. НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон “Артлар соёл урлаг” ТББ хамтран дэлхийн Ардын урлагийн наадмуудын ассоциацтай хамтран зохион байгуулж байна.

“Asia Folk 2025” нь зөвхөн урлагийн арга хэмжээ биш, соёлын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ бөгөөд Улаанбаатар хотыг төлөөлсөн олон улсын соёлын брэнд болон өргөжсөн. Жуулчид, дотоодын иргэдэд Азийн олон үндэстний өв соёл, урлаг, гар урлалтай нэгэн зэрэг танилцах боломжийг олгож буйгаараа онцлог.

Наадмын албан ёсны нээлт зургадугаар сарын 13-ны орой 19:30 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээх