Австрийн нэрт хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергер 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын үзэгчдэд зориулсан онцгой тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь Австрийн Элчин сайдын яам, Австрийн соёлын форумын хамтарсан санаачилгаар хэрэгжиж буй соёлын айлчлалын хүрээнд явагдаж буй юм.
Сонгодог хөгжмийн мастертай дахин уулзах боломж
Маттиас Флецыбергер нь Австрийн Вена хотод төрж өссөн бөгөөд тавхан настайгаасаа төгөлдөр хуураар суралцан урлагийн замналаа эхэлсэн. Тэрбээр Вена хотын урлагийн сургуульд мэргэжлээ эзэмшсэнээс хойш дэлхийн олон нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлж, концертын болон дуурийн удирдаачаар амжилттай ажилласан туршлагатай уран бүтээлч юм.
Түүний тайзнаа амжилттай ажилласан алдарт тавцангууд:
- Чех – Прагийн Дуурийн театр
- АНУ, Канад – “Walt Disney Hall”, Монтреал, Торонто
- София филармони
- Швейцар – St.Gallen театр
- БНСУ – “Seoul Arts Center”
- Япон – “Bunka Kaikan Tokyo”
- БНХАУ – NCPA Beijing, “Oriental Art Center” Shanghai
Монгол дахь хоёр дахь айлчлал
Маттиас Флецыбергер анх 2015 онд Монголд зочилж, УДБЭТ-ын хөгжимчид, дуучидтай хамтран ажиллаж байжээ. Энэ удаагийн айлчлал нь Австрийн Ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлалын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд түүнийг БНХАУ-д суугаа Австрийн Элчин сайдын яамны Соёлын консул хатагтай Гүдрүн Хардиман Поллросс урьжээ.
Тэрээр 2025 оны 5-р сарын 19, 20-ны өдрүүдэд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучдад зориулан мастер класс хичээл зааж, уран бүтээлчидтэй туршлага солилцсон байна.
Тоглолтын онцлох өдөр
- Хэзээ: 2025 оны 5-р сарын 25
- Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Үйл явдал: Дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүдийг Монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран толилуулах
Энэхүү тоглолт бол дэлхийн түвшний уран бүтээлч, монгол авьяастнуудын хамтын эгшиглэлийн гайхамшигт үдэш байх болно.