Монголын уран нугараач Б.Одгэрэл “Gentle Monster” болон “Bratz” брэндүүдийн хамтран хэрэгжүүлсэн шинэ сурталчилгааны төсөлд оролцсон тухайгаа олон нийтэд дэлгэлээ. Тэрээр тус кампанит ажлын хүрээнд уран нугаралтын өвөрмөц хөдөлгөөнийг дэглэж, өндөр хөгжсөн CGI технологиор дамжуулан Өмнөд Солонгосын алдарт Aespa хамтлагийн гишүүн Каринагийн дүрд амилуулсан байна.
Энэхүү төсөл нь “Gentle Monster”-ийн “Serenity” нэртэй шинэ кампанит ажлын нэг хэсэг бөгөөд “Pocket Collection” нэртэй цуглуулгыг дэлхий дахинд сурталчлах зорилготой байв. Сурталчилгааны уран сайхны шийдэлд Б.Одгэрэлийн хөдөлгөөнийг бүрэн дижиталчлан ашигласан нь төслийг технологи, уламжлалын хослол болгожээ.
Б.Одгэрэл “Энэ төсөлд уран нугаралтын уламжлалт хөдөлгөөнийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан олон улсад хүргэсэндээ их баяртай байна. Цаашид дэлхийн бусад брэндүүдтэй хамтарч, монгол уран нугаралтыг илүү өргөн хүрээнд сурталчлах хүсэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Сүүлийн жилүүдэд тэрээр олон улсын брэндүүдийн төсөл, сурталчилгаанд тогтмол оролцож байгаа бөгөөд Монголын уран нугаралтыг дэлхийн тавцанд таниулах үйл хэрэгт идэвхтэй хувь нэмэр оруулсаар байна.
