“Ice Top” хамтлагийн ахлагч, уран бүтээлч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад харамсалтайгаар нас барсан талаар олон нийт мэдсэн. Харин түүний амь насаа алдсан шалтгааныг тодорхойлох задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.
ГХЯ: Худал мэдээллээс зайлсхийхийг хүсье
ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар:
“Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
Сүүлийн өдрүүдэд талийгаачийн амь насаа алдсан шалтгаантай холбоотойгоор үндэслэлгүй, баталгаагүй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр түгэж байгаа нь ар гэр, ойр дотныхонд нь хүндээр тусаж, олон нийтийн дунд ташаа ойлголт үүсгэж болзошгүй байна.
Иймд хилийн чанадад Монгол Улсын иргэн амь насаа алдсан эмгэнэлт хэргийн талаар баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, үнэн зөв мэдээллийг дамжуулахыг уриалж байна” хэмээн анхааруулжээ.
Албан ёсны тайлбарыг хүлээхийг зөвлөв
Ийнхүү Б.Оргил-Эрдэнийн нас баралтын талаарх шалгалт үргэлжилж байгаа бөгөөд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гүтгэлэг, баталгаагүй таамаг дэвшүүлэхгүй байхыг төрийн байгууллага уриалж байна. Талийгаачийн амар амгаланг хүндэтгэн, ар гэрийнхэнд нь хүндэтгэлтэй хандахыг мөн онцолжээ.