Францын тансаг зэрэглэлийн Kering групп Balenciaga брэндийн бүтээлч захирлаар алдарт загвар зохион бүтээгч Пьерпаоло Пиччолиг томилсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү томилгоо нь тус группийн бүтцэд гарч буй стратегийн томоохон өөрчлөлтүүдийн нэг бөгөөд өмнөх захирал Демна Гвасалия Gucci-гийн бүтээлч захирлын албан тушаалд шилжсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Пьерпаоло Пиччоли нь өмнө нь Valentino брэндийн бүтээлч захирлаар ажиллаж, нийт 25 гаруй жилийн туршлагатай загварын ордны өнгө төрхийг шинэ түвшинд гаргаж ирсэн нэгэн. Түүний хувьд дизайнер гэдэг нь зөвхөн шинэ зүйл бүтээхээс гадна тухайн брэндийн өв соёл, уламжлалыг хадгалахын зэрэгцээ ирээдүйн дүр төрхийг тодорхойлох уран бүтээлч хариуцлага хүлээдэг гэж үздэг.
Valentino брэндийг тэрээр эмэгтэйлэг, дэгжин, эрхэмсэг өнгө аяс бүхий, даашинз бол зүгээр нэг хувцас биш гэдгийг харуулсан түүхэн өвтэй хослуулан шинэчилж чадсан юм.
Одоо тэр Balenciaga брэндийн “амин сүнс” болж ажиллах гэж байна. Сүүлийн жилүүдэд тус ордон орчин үеийн “Memecore” буюу цахим соёлд суурилсан залуусын хэв маягт хэт автан, анхны үүсгэн байгуулагч Кристобаль Баленсиагагийн өв хөрөнгөөс холдсон хэмээн шүүмжлэл дагуулж байсан.
Тиймээс Пиччолигийн шинэ үүрэг онцгой анхаарал татаж байна:
- Тэрээр уламжлалыг сэргээж, түүхийг дахин өгүүлэх үү?
- Эсвэл залуу үеийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн шинэ хэлбэр, утга агуулгыг бий болгох уу?
- Аль эсвэл эмэгтэйлэг, нарийн мэдрэмжтэй өнгө төрхтэй Balenciaga дахин амилж, танигдах уу?
Түүний анхны цуглуулга 2025 оны аравдугаар сард Парисын загварын долоо хоногийн үеэр олон нийтэд танилцуулагдана. Энэхүү шинэ эхлэл нь зөвхөн нэг брэндийн биш, бүтээлч зах зээл дэх өргөн хүрээний өөрчлөлтийн эхлэл болж болзошгүй байна.