Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесBeyoncé-н шинэ дуу хулгайд алдагдлаа — Хатагтай нууцлалаар алдартай дуучны бүтээл задрав уу?

Beyoncé-н шинэ дуу хулгайд алдагдлаа — Хатагтай нууцлалаар алдартай дуучны бүтээл задрав уу?

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Дуучин Beyoncé-ийн олон нийтэд танил болоогүй шинэ уран бүтээлүүд, тоглолтын төлөвлөгөө зэрэг олон чухал материалууд түүний бүжиг дэглээч, бүжигчдийн түрээслэсэн машины арын цонх хагарах үед хулгайд алдагдсан талаар Атлантагийн цагдаагийн газраас мэдээллээ.

Уг хэрэг долоодугаар сарын 8-нд буюу Beyoncé-ийн “Cowboy Carter” аялан тоглолтын Атланта хот дахь анхны тоглолтоос хоёр хоногийн өмнө гарсан байна. Тухайн үед бүжиг дэглээч Кристофер Грант болон бүжигчин Диандре Блю нар хар өнгийн Jeep Wagoneer маркийн түрээслэсэн автомашинаа нэгэн хүнсний танхимын гадна зогсоосон байсан аж. Буцаж ирэхэд арын цонх нь хагарсан байсан бөгөөд хоёр чемодан хулгайд алдагдсан байжээ.

Цагдаагийн мэдүүлэгт тэд “дуучин Beyoncé-той холбоотой чухал, хувийн шинжтэй мэдээлэл” тээвэрлэж явсан тухай дурдсан байна. Эдгээр дотор таван ширхэг флаш дискэнд хадгалагдсан хамгаалалтын тэмдэглэгээ бүхий шинэ дуу, тоглолтын бичлэгийн төлөвлөгөө, өмнөх болон ирээдүйн тоглолтын жагсаалтууд орсон байжээ. Үүнээс гадна зөөврийн компьютер, үнэтэй хувцас, Apple-ийн AirPods ч алдагдсан байна.

Цагдаа нар хулгайн барааг мөрдөхөд туслах үүднээс зөөврийн компьютер болон чихэвчний байршлыг хянаж эхэлсэн бөгөөд машины гадаргуу дээр хоёр бүдэгхэн хурууны хээ илрүүлсэн гэжээ. Гэвч эдгээр эд зүйлсийн аль нэг нь олдсон эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Тус хэрэгт сэжигтэн тодорхойлогдож, баривчлах зөвшөөрөл гарсан боловч нэрийг нь олон нийтэд мэдээлээгүй байна. Дуучин Beyoncé талаас хараахан тайлбар хийгээгүй байгаа юм.

Beyoncé шинэ уран бүтээлүүдээ задрахаас хамгаалахын тулд туйлын өндөр нууцлалын дэглэм хэрэглэдэг гэдгээрээ алдартай. Түүний 2013 оны “Beyoncé” нэртэй тавдугаар цомог ямар ч зар сурталчилгаагүйгээр шууд iTunes-д байршуулж, уран сайхны 14 видео клип дагалдуулсан нь дэлхий дахинд шуугиан тарьсан. Энэхүү гэнэтийн цомог iTunes түүхэнд хамгийн хурдан борлуулагдсан цомог болж, 72 цагийн дотор 830,000 хувь зарагдсан байдаг.

Түүний уран бүтээлд оролцсон хөгжмийн продюсерууд хүртэл бүтээлээ цомогт орсон эсэхийг цомог худалдаанд гарсны дараа л мэддэг. 2024 онд гарсан “Levii’s Jeans” дуунд оролцсон Post Malone ч энэ талаар “Тэд миний гэрт нэг хүн ирүүлж дууг үзүүлсэн. Тэгээд бид зөвхөн мессежээр л үг бичилцсэн. Үнэхээр айдастай байсан” хэмээн New York Times-д ярьсан байдаг.

2022 онд “Renaissance” цомог албан ёсны гарцын өмнө задраад байсан ч фэнүүд нь дууг тараахгүйг хичээж, бусдыг хүртэл түгээлтээс татгалзахыг уриалсан нь дуучны сэтгэлд хүрч, Beyoncé өөрийн вэб сайтад “Би ийм зүйл урьд өмнө харж байгаагүй. Та бүхний хүндэтгэл, хүлээлт миний хувьд бүхнээс үнэ цэнтэй байсан” хэмээн бичсэн нь тухайн үед олны анхаарлыг татаж байв.

Одоогоор Beyoncé Атланта хотод “Cowboy Carter” аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа ба дөрвөн тоглолтын гурав дахь шөнө түүний нөхөр Jay Z гэнэтийн бэлэг барьж, тайзан дээр гарч ирсэн байна. Энэхүү аялан тоглолтын үеэр Beyoncé “хар арьстнуудын улс төр, соёл, хөгжмийн өв уламжлал дахь орон зайг country урсгалтай хослуулан дахин таниулж” чадсан хэмээн үнэлэгдэж, “Cowboy Carter” цомгоороо Grammy шагналын “Оны шилдэг цомог” номинацид ялалт байгуулсан юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх