Нүүр хуудас Кино“Биелэгдэшгүй даалгавар”-ын хөгжимч Лало Шифрин 93 насандаа таалал төгслөө

“Биелэгдэшгүй даалгавар”-ын хөгжимч Лало Шифрин 93 насандаа таалал төгслөө

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Холливудын кино болон телевизийн хөгжмийн ертөнцөд мартагдашгүй уран бүтээл туурвисан нэрт хөгжмийн зохиолч Лало Шифрин 93 насандаа таалал төгсчээ. Түүний нас барсныг Америкийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд энэ мэдээг хүү нь болох Райн Шифрин баталсан байна.

Лало Шифрин Аргентин улсын нийслэл Буэнос Айрест мэндэлж өссөн. Түүний эцэг 25 жилийн турш Буэнос Айресын Филармонийн оркестрын концертмейстерээр ажиллаж байсан нь хүүгээ багаас нь сонгодог хөгжимтэй ойр өсөхөд ихээхэн нөлөөлсөн. Лало бага насандаа төгөлдөр хуур тоглож сурсан бөгөөд өсвөр насандаа Америкийн жазз хөгжмийн урсгалд гүн дурлаж, Чарли Паркер, Луис Армстронг, Жорж Гершвин зэрэг домогт хөгжимчдийг сонсон биширдэг байжээ.

1958 онд АНУ руу нүүж, 1968 онд тус улсын иргэн болсон тэрээр өөрийн өвөрмөц уран бүтээлээр кино урлагт нэрээ мөнхөлсөн юм. Сонгодог найрал хөгжим, жазз болон орчин үеийн хөгжмийн уялдаа холбоог бий болгож, тэргүүлэгч хөгжмийн зохиолчдын нэг болсон Шифрин нийтдээ 100 орчим киноны хөгжмийг зохиосон.

Түүний бүтээлүүдээс дурдвал:

  • “The Cincinnati Kid” (1965)
  • “Bullitt” (1968)
  • “Cool Hand Luke” (1968)
  • “Dirty Harry” (1971)

Мөн хамгийн алдартай хөгжмийн бүтээл нь яах аргагүй “Биелэгдэшгүй даалгавар” телевизийн цувралын хөгжмөөс үүдэлтэй юм. 1960-аад онд уг цувралд зориулж зохиосон хэмнэлтэй, хүчтэй аялгуу нь хожим Холливудын жүжигчин Том Круизын гол дүрд нь тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” кино франчайзад амжилттай үргэлжлэн ашиглагдсан билээ.

Лало Шифрин уран бүтээлүүдээрээ хэд хэдэн удаа Оскарын шагналд нэр дэвшиж байсан ч хожим буюу 2018 онд Америкийн кино академиас хүндэтгэлийн Оскарын шагналаар шагнуулсан юм. Түүнчлэн тэрээр хэд хэдэн удаа Грэмми шагналыг хүртэж байжээ.

Лало Шифрин бол зөвхөн хөгжим зохиогч биш, харин нэгэн үеийн урлагийн түүхийг уран аялгуугаар бичиж чадсан суут сэтгэлгээтэй уран бүтээлч байлаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээх