Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ) дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд БНСУ-ын уран бүтээлчид УДБЭТ-ын тайзнаа Жакомо Пуччинигийн алдарт “Чио Чио Сан” дуурийг монгол уран бүтээлчидтэй хамтран тоглох гэж байна.
Энэхүү дуурь хоёр өдөр тоглогдох бөгөөд зургадугаар сарын 7-ны өдөр БНСУ-ын уран бүтээлчид гол дүрүүдийг бүтээнэ. Тухайлбал, эмэгтэй гол дүр Чио Чио Сангийн дүрийг дуучин Жу Хён Э, Сузукигийн дүрийг Квон Сү Бин нар бүтээх юм. Харин дараагийн өдөр УДБЭТ-ын уран бүтээлчид уг дуурийг үзэгчдийн хүртээл болгоно.
“Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дуурь нь анх 1904 онд Миланы “Ла Скала” театрт хоёр үзэгдэлтэйгээр тоглогдсон ч үзэгчдийн таашаалд нийцээгүй. Улмаар хөгжмийн зохиолч Ж.Пуччини богино хугацаанд дууриа гурван үзэгдэлтэй болгон дахин бичиж, амжилттайгаар тавигдсан байдаг. Уг дуурийн зохиол нь Жон Лютер Лонгийн туужаас сэдэвлэгдсэн бөгөөд дуурийн цомнолыг Луижи Иллиса, Жузеппе Жакоса нар хамтран бичжээ.
Манай тайзнаа “Чио Чио Сан” дуурь анх 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд найруулагч Д.Лхасүрэнгийн тавилтаар, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулууны удирдлага дор тоглогдож байв.
Өнөөдөр дэлхий дахинаа хамгийн тогтмол тавигддаг дууриудын жагсаалтад зургаадугаарт бичигддэг энэхүү бүтээл нь хайр, үнэнч сэтгэл, хатан зориг, хүний мөс чанарын гүн гүнзгий өгүүлэмжтэйгээс гадна Ази эмэгтэйн тэсвэр тэвчээр, нандин сэтгэлийг дэлхий дахинаа таниулсан урлагийн сод бүтээлд тооцогддог.
3 комментария
Солонгос, Монгол уран бүтээлчид хамтарна гэхээр их сонирхолтой санагдаж байна!
Чио Чио Сан дуурь бол үнэхээр гайхалтай сонголт шүү
Ийм тоглолтыг заавал очиж үзмээр байна