Голюм дахин том дэлгэцнээ гарч ирэх нь албан ёсоор батлагдлаа. Warner Bros. студи “The Lord of the Rings: The Hunt for Gollum” буюу “Бөгжний Эзэн: Голюмыг агнах нь” хэмээх шинэ бүтээлээ 2027 оны 12-р сарын 17-нд дэлгэцнээ гаргахаар товлолоо. Энэхүү кино нь Андри Серкисийн найруулгаар бүтэж буй бөгөөд тэрээр өмнөх шигээ гол дүр болох Голюмд хөдөлгөөнт баримжаа (motion capture) ашиглан тоглох юм.
Түүнчлэн Warner Bros. студи “Evil Dead” аймшгийн франчайзын дараагийн ангийг 2026 оны 7-р сарын 24-нд, найруулагч М. Найт Шьямалангийн шинэ бүтээл “Remain” киног 2026 оны 10-р сарын 23-нд гаргахаар зарлав. “Remain” кинонд Жейк Жилленхол, Фиби Дайневор, Ашли Уолтерс нар гол дүрд тоглож байна.
“Голюмыг агнах нь” кино 2027 оны 12-р сард нээлтээ хийх нь тийм ч гэнэтийн явдал биш юм. Учир нь Питер Жэксоны найруулсан “Бөгжний Эзэн” болон “Хоббит” гурвалсан кинонууд бүгд Зул сарын өмнөхөн арванхоёрдугаар сард нээлтээ хийж байсан бөгөөд хоёр франчайз нийлээд дэлхий даяар 2.9 тэрбум ам.долларын ашиг олсон юм.
Warner Bros. анх 2023 оны зун уг киноны тухай зарлаж, 2026 онд нээлтээ хийнэ гэж байсан ч бүтээл бүтээмжийн шалтгаанаар нэг жилээр хойшлуулжээ. Найруулагч Серкис өмнө нь “Mowgli: Legend of the Jungle”, “Venom: Let There Be Carnage” зэрэг бүтээлүүдээр туршлага хуримтлуулсан юм.
Киноны продюсераар анхны гурвалсан кинонууд дээр хамтран ажилласан Питер Жэксон, Фран Уолш, Филиппа Бойенс нар оролцож байгаа бөгөөд Warner Bros. тэднийг “бүтээлийн бүхий л шатанд оролцоно” гэж мэдэгдсэн.
Empire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Филиппа Бойенс:
“Энэ бол нэлээн хурц, гүн гүнзгий түүх бөгөөд Билбогийн төрсөн өдрийн баяр, Морийн уурхайн үйл явдлын хоорондох үл мэдэгдэх гайхалтай хэсгийг Голюмын нүдээр өгүүлнэ” хэмээн дурджээ.
Одоогоор албан ёсны жүжигчдийн бүрэлдэхүүн зарлагдаагүй ч анхны цувралын жүжигчид болох Иан Маккеллен (Гандалф), Орландо Блум (Леголас), Вигго Мортенсен (Арагорн) нар шинэ кинонд дүрүүд нь зохицвол эргэн тоглох сонирхлоо илэрхийлжээ.
“Бөгжний Эзэн”-ий франчайз сүүлд 2024 оны 12-р сард “The War of the Rohirrim” нэртэй анимэ хэлбэрээр гарсан бол “The Hunt for Gollum” нь 2014 оноос хойших анхны амьд жүжиглэлттэй (live-action) бүтээл болох юм.