Энэтхэгийн супер одны хөрөнгө өсөв
Болливудын алдарт жүжигчин Шах Рух Хан дэлхийн тэрбумтнуудын эгнээнд албан ёсоор нэгдлээ. Hurun India Rich List 2025-ийн мэдээлснээр 59 настай түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Ингэснээр тэрбээр Арнольд Шварценеггер, дуучин Рианна, гольфчин Тайгер Вудс, мөн хөрөнгө нь 1.6 тэрбум ам.долларт хүрсэн гэж Forbes үнэлсэн Тейлор Свифт зэрэг дэлхийн оддын зэрэгцээ бичигджээ.
Амжилтын замнал
“Болливудын романсын хаан” хэмээн нэрлэгддэг Ш.Хан Энэтхэгийн кино урлагт 30 гаруй жилийн туршид тогтмол амжилттай ажиллаж ирсэн. Тэрээр жүжигчнээс эхлээд продюсер, бизнесмэн, крикетийн багийн эзэн хүртэл өргөжсөн байна.
Түүний хөрөнгө өсөхөд:
- Red Chillies Entertainment продакшн компани,
- өөрийн эзэмшдэг Knight Rider Sports крикет клуб,
- киноны орлого,
- сурталчилгааны гэрээнүүд,
- үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт голлох нөлөө үзүүлжээ.
Эдийн засгийн шинэ чиг хандлага
“Hurun India” судалгааны төвийн үүсгэн байгуулагч Анас Рахман Жунайд BBC-д ярилцлага өгөхдөө:
“Ш.Хан тэрбумтны эгнээнд багтсан нь Энэтхэгийн эдийн засгийн шинэ үе шатны илрэл. Спорт, зугаа цэнгэл, оюуны өмчид суурилсан бизнесүүд улс орны баялгийн шинэ хөдөлгөгч хүч болж байна” гэж онцоллоо.
Энэтхэгийн нийт тэрбумтнуудын тоо энэ онд 350-аас давсан бөгөөд жагсаалтын эхний байрыг Мукеш Амбани, Гаутам Адани нар хадгалсан хэвээр байна.