Counter-Strike 2 (CS2) тоглоомын Азийн шилдэг багуудын нэгээр тооцогддог Монголын “ATOX Esports” багийн тоглогчид, багийн ажилчдыг ашиг олох зорилгоор тоглолтын үр дүнд санаатайгаар нөлөөлсөн зөрчилд холбогдсон нь И-спортын шударга байдлыг хангах комисс (ESIC)-ын шалгалтаар батлагдлаа. Иймд ESIC-оос “ATOX esports” багийн гол тоглогчид болон менежментийн багт хатуу шийтгэл оноосон байна.
2024 оны сүүлээр “ESL Pro League Season 20” тэмцээний үеэр “ATOX Esports” болон Саудын Арабын “Team Falcons” багийн хоорондын тоглолтын үр дүнд зориуд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг ESIC анх хүлээн авч, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн. Шалгалтын явцад ATOX багийн тоглогчид тоглолтын үр дүнг зохиомлоор тохиролцож, мөрийтэй тоглоомын ашиг олох зорилгоор тэмцээний явцыг зориуд өөрчилсөн нь тогтоогдсон юм.
ESIC-ээс 2025 оны хоёрдугаар сард ATOX багийн тоглогчдод анхны зөрчлийн мэдэгдэл хүргүүлж, гуравдугаар сард шинэчлэн мэдэгдэж, шалгалт дуусах хүртэл тэдний эрхийг түдгэлзүүлж байжээ. Улмаар шалгалтын эцсийн шийдвэрээр Б.Ган-Эрдэнэ (dobu), Б.Бат-Энх (kabal), Б.Анар-Эрдэнэ (nuka) нарыг бүх насаар нь олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна.
Гэхдээ зөвхөн тоглогчид бус, багийн менежментийн баг ч хатуу хариуцлага хүлээжээ. Г.Төгөлдөр (FlyNN) гурван жил, Б.Тэмүүлэн (MiQ) нэг жил, харин Б.Отгонлхагва (AccuracyTG), Э.Мөнхсайхан (Zesta) нарт найман сарын хориг тавигдсан байна.
ESIC-ээс dobu, kabal, nuka нарт бүх насаар нь хориг тавих үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Dobu багийн тоглолтыг зохион байгуулалттайгаар урьдчилан тохиролцсон, мөрийтэй тоглоомын схемийг удирдан зохион байгуулж, гишүүддээ дарамт шахалт үзүүлж, мөнгө санал болгон оролцуулсан. Мөн Хятадын зохион байгуулалттай бүлэглэлүүдтэй хамтран ажиллаж байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Kabal “dobu”-гийн хамт үр дүнг зориуд өөрчилсөн бөгөөд авлигын схемд идэвхтэй оролцож, мөнгө хүлээн авсан. Харин nuka дасгалжуулагчийн хувиар 70 гаруй сэжигтэй тоглолтын стратегид санаатайгаар нөлөөлж, багийн тактик, стратегийг зориуд төөрөгдүүлж байсан нь тогтоогджээ.
Энэхүү хэрэг Монголын цахим спортын салбар төдийгүй олон улсын тавцанд цахим спортын шударга байдлын тухайд ноцтой асуудлыг хөндөж, спортын ёс зүй, шударга тоглолтын хэм хэмжээг зөрчсөн томоохон дуулиан болоод байна.