Нүүр хуудас УрлагЦэргээс зугтсан дуучин Ю Сын Жун эх орондоо 48 насандаа ч хөл тавьж чадсангүй

Цэргээс зугтсан дуучин Ю Сын Жун эх орондоо 48 насандаа ч хөл тавьж чадсангүй

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Америкийн иргэншилтэй, өмнө нь Өмнөд Солонгосын алдартай дуучин байсан Ю Сын Жунд БНСУ-ын Лос-Анжелес дахь Ерөнхий консулын газраас дахин виз олгохоос татгалзлаа. Энэ нь түүнийг цэргийн албанаас зугтсан гэх шалтгаанаар Солонгосын төр, ард түмний итгэлийг алдаж, хориглогдсоор байгааг дахин батлав.

Ю Сын Жун нь 1976 онд Сөүл хотод төрсөн бөгөөд 13 настайгаасаа АНУ-д амьдарч эхэлжээ. Харин 1996 онд Солонгост уран бүтээлээ эхлүүлж, ердөө гурван сарын дотор олны танил од болж, цомгууд нь сая саяар борлогдож, бүх хит жагсаалтыг тэргүүлдэг байв. Тэр эрүүл амьдралыг сурталчилсан, дуулиан шуугианд холбогдоогүй, жинхэнэ үлгэр дууриал болсон дуучин байлаа.

Гэвч 2001 онд Солонгосын бүх эрэгтэй иргэний адил цэргийн үүргээ биелүүлэх ээлж түүнд ирсэн. Харин тэр цэргийн албанд явахаас өмнө гадаадад тоглолт хийнэ гэж хил гарсан бөгөөд буцахдаа Солонгосын иргэн байхаа больж, АНУ-ын иргэн Стивен Ю болон иржээ. Энэ үйлдлээрээ тэр эх орондоо байх эрхээ алдаж, 2002 оноос хойш БНСУ-д хөл тавих боломжгүй болсон.

Түүний энэхүү шийдвэр нь зөвхөн хууль зөрчсөн төдий бус, олон нийтэд хүнд цохилт өгсөн. Солонгосын Засгийн газар түүнийг эх орныхоо өмнө үүргээсээ зугтсан гэж үзэн, албан ёсоор виз олгохыг хориглосон юм. Ю Сын Жун сүүлд ард түмнээс уучлал хүсч, бичлэгээр хүлцэл өчсөн ч, түүний хүсэлтийг хүлээж авсангүй.

Тэрээр анх 2015 онд F-4 ангиллын виз авах гэж оролдсон боловч татгалзсан хариу авч, үүний дараа шүүхээр заргалдаж эхэлжээ. 2016 онд анхны шүүхийн шатанд ялагдаж, 2017 онд дахиад хүлээсэн. Харин 2019 онд БНСУ-ын Дээд шүүх түүний хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдэж, Сөүлийн шүүх түүнд эерэг шийдвэр гаргасан ч визний хүсэлтийг Лос-Анжелес дахь консулын газар дахин няцаасан юм.

2022 онд Сөүл дэх шүүх өмнөх шийдвэрийг буруу байсан хэмээн үзэж, Ю Сын Жунд дахин сөрөг шийдвэр гаргасан. Ингээд 2023 оны 11 дүгээр сард Дээд шүүх түүнийг орж ирэхэд саад болох шалтгаан байхгүй гэж дүгнэсэн ч консулын байгууллага түүнд виз өгөхөөс татгалзсаар байна. Энэ нь визний зөвшөөрөл гарсан ч хил дээрээс буцаах боломжтой гэсэн утгатай байв. Ю хамгийн сүүлд 2024 оны есдүгээр сард мөн л татгалзсан хариу авчээ.

48 нас хүрсэн ч тэр одоо болтол төрсөн нутгаа хараагүй хэвээр байна. Хэзээ нэгэн өдөр эх орондоо хөл тавих боломж түүнд дахин олдох уу?

You may also like

Сэтгэгдэл үлдээх