Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан 354 дүгээр тогтоолын хүрээнд жил бүрийн шилдэг соёлын өвлөн уламжлагчийг тодруулж, мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай. Тэгвэл 2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч, Ховд аймгийн Дуут сумын уугуул, Монголын нэрт цуурч Б.Наранбат тодорч, шагналаа гардан авлаа.
Б.Наранбат нь ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Цуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг үе дамжуулан өвлөн уламжилж буй найм дахь үеийн цуурч юм.
Цуур хөгжмөөр амьдралаа зориулсан замнал
1984 онд Ховд аймгийн Дуут сумын Асгат хэмээх газар төрсөн Б.Наранбат нь Монгол Улсын нэрт цуурч Паарайн Наранцогтын (1921–2003) ач, Н.Буяндэлгэрийн зургаан хүүхдийн хоёр дахь нь юм. Тэрээр зургаан настайгаасаа өвөө, ааваасаа цуур хөгжмийг сурч, өнөөг хүртэл 35 жилийн турш энэ өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчилж ирсэн.
2003–2008 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Соёл судлалын ангид суралцсан тэрээр 2006 онд “Хүннү цуурчдын холбоо”-г байгуулж, уламжлалт хөгжмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж иржээ.
Цуур хөгжмийг үндэсний болон олон улсын тавцанд сурталчилсан нь
Б.Наранбат 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлын багт оролцож, 2014–2016 онд “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр 2003–2024 оны хооронд нийт 2000 гаруй цуур хөгжмийг урлаж, 200 гаруй хүнд цуур тоглох урлагийг өвлүүлэн сургасан байна.
Мөн олон улсын хэмжээнд Монголын соёлын үнэт өвийг сурталчлан, АНУ, Франц, Хятад, Тувад аялан тоглолт хийсэн бөгөөд Францын “Festival d’automne à Paris” наадамд оролцож, тус улсын үндэсний радиод 8 аялгуу бичүүлсэн байна.
Соёлын өвийг хадгалан хамгаалагчийн олон жилийн гавьяа
Б.Наранбатын авьяас, тууштай хөдөлмөр олон талын үнэлгээг авчээ. Үүнд:
2009: “Ардын урлагийн их наадам”-ын “Алтан од” алтан медаль
2010: “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг
2015: Хөдөлмөрийн хүндэт медаль
2010: Монголын билиг авьяастнуудын улсын жагсаалтад бүртгэгдсэн
2019: “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д багтсан
Мөн цуур хөгжмийн түүх, дуу авиа, тоглох аргачлал, уламжлалыг баримтжуулсан олон бүтээлд оролцсон. Тухайлбал, “Цуурын эгшиг” баримтат кино, “Уул усны цуурай” аудио CD, “Шүүдрийн дусал” нэвтрүүлэг, “Melodies de flute d’un berger Mongol” ном, “Монгол цуур” гарын авлага, “Монгол цуур 1” судалгааны бүтээл зэрэгт хувь нэмрээ оруулжээ.
Соёлын өвийг үр хойчид өвлүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа Б.Наранбат нь Монголын биет бус соёлын өвийг олон улсын түвшинд сурталчлагч, өв тээгчийн бахархалт жишээ болсоор байна.