Нүүр хуудас БоловсролД.Бямбацогт: Уран бүтээлч хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй гэж багш нар минь хэлдэг байсан

Д.Бямбацогт: Уран бүтээлч хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй гэж багш нар минь хэлдэг байсан

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Тулгар төрийн 2234 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарим салбарын шилдэг хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Урлагийн салбараас Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан нь олны талархлыг хүлээж байна.

Шагналаа гардан авсны дараа уран бүтээлч Д.Бямбацогт:

«Ерөнхийлөгч маань шагнасныхаа дараа ‘Чамаар ард түмэн их бахархаж байна. Олон уран бүтээл хийгээрэй’ гэж хэлсэн. Би хичээнэ ээ. Шагнал авсныхаа дараа багш нарыгаа боддог юм байна. Би найруулагч Г.Доржсамбуу, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Лхасүрэн гэсэн агуу хүмүүсийн шавь. Багш нар маань шавийгаа тэнгэрээс харж байгаа болов уу. Хүмүүс намайг их удаж шагналаа авлаа гэж ярьдаг. Гэхдээ багш нар маань уран бүтээлч хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй гэж хэлдэг байсан. Тэнгэрт байгаа ээж, аав хоёр минь ‘Миний хүү олонтойгоо яваарай’ гэж үргэлж захидаг байлаа. Энэ захиасыг нь биелүүлж явна» хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Д.Бямбацогт нь 1976 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн бөгөөд уран бүтээлийнхээ туршид Монголын кино, драмын урлагт өөрийн гэсэн тод мөрөө үлдээжээ. Тэрбээр “Ноён Солиот”, “Ээждээ л үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Сөрж болдоггүй тавилан”, “Миний хүүтэй гэрлээч“, “Сумын атаман”, “Бүү март”, “Нарны өнгө” зэрэг 60 гаруй жүжиг, 50 орчим кинонд дүр бүтээсэн туршлагатай уран бүтээлч юм.

Түүний уран бүтээлийн гараа 1988 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн Кино урлагийн факультетэд элссэнээр эхэлсэн бөгөөд 1992 онд Соёл урлагийн их сургуулийн анхны төгсөгчдийн нэг болж төгссөн байдаг.

You may also like

Сэтгэгдэл үлдээх