“Монгол хаан” Японы үзэгчдийг байлдан дагуулж байна
Монголын утга, уран сайхны сор болсон “Монгол хаан” жүжиг энэ сарын 10–20-ны хооронд Японы Токио хотод 18 тоглолтоо амжилттай хийж өндөрлөлөө. Харин аравдугаар сарын 24-нөөс Нагоя хотод тоглогдож эхэлжээ.
Тус жүжиг нь Монголын соёл, урлагийг Японд сурталчлах чухал үйл явдал болж байна. Жүжгийн продюсер Грег Сузуки “40 жилийн карьертаа анх удаа эхний гурван өдрийн тасалбар бүрэн зарагдсан тоглолтыг харлаа” хэмээн онцолсон нь төслийн амжилтыг илтгэж байна.
Б.Лхагвасүрэнгийн алдарт “Тамгагүй төр”-ийн зохиолоос сэдэвлэсэн энэхүү жүжиг Азийн театрын зах зээлд Монголыг төлөөлөх, амжилттай бүтээл болж чаджээ.
Удам залгасан жүжигчин О.Майдарравжаа гол дүрд
Жүжгийн гол дүр Арчуг хаанд Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Эгэрэг түшмэлийн дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, их хатанд Б.Одончимэг, бага хатанд О.Дөлгөөн, Ачир ханхүүгийн дүрд Гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн, харин Хүчир ханхүүгийн дүрийг УДЭТ-ын жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна.
О.Майдарравжаа нь Монголын нэрт уран бүтээлч, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хүү бөгөөд удам залгамжилсан авьяаслаг жүжигчин юм. Түүний энэхүү дүр нь гадаадын тайзнаа тоглож буй анхны гол дүрийн бүтээлүүдийн нэг болж байна.