Ирэх оны 2 дугаар сарын 1-нд болох дэлхийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн шагнал болох “Грэмми”-ийн 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг зарлалаа. Энэ жилийн жагсаалтад нэр хүндтэй уран бүтээлчид, тэр дундаа Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам багтсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татлаа.
Кендрик Ламар дахин тэргүүлэв
Хамгийн олон буюу есөн ангилалд нэр дэвшсэн нь Америкийн рэп дуучин Кендрик Ламар байв. Түүний араас Леди Гага долоон, харин Bad Bunny, Сабрина Карпентер, продюсер Сербана Генеа нар тус бүр зургаан номинацид нэр дэвшжээ.
Жил бүрийн адил энэ удаа ч зарим уран бүтээлчид нэр дэвшээгүйдээ гомдоллож, харин зарим нь гэнэтийн бэлэг хүлээн авсан тухайгаа илэрхийлсэн байна.
Далай лам “Шилдэг аудио ном”-ын төрөлд
Нобелийн энх тайвны шагналт, 90 настай Далай лам “Meditations: Reflections of His Holiness the Dalai Lama” нэртэй аудио бүтээлээрээ “Шилдэг аудио ном” төрөлд нэр дэвшжээ. Энэхүү бүтээл нь түүний энэрэл, уучлал, сэтгэлийн амар амгалангийн тухай сургааль, бясалгалын ухааныг илэрхийлсэн ном юм.
Далай ламын өрсөлдөгчид нь:
- Кэти Гарвер — “Elvis, Rocky & Me: The Carol Connors Story”
- Трэвор Ноа — “Into the Uncut Grass”
- Кетанжи Браун Жексон — “Lovely One: A Memoir”
- Фаб Морван — “You Know It’s True: The Real Story of Milli Vanilli”
Сонирхолтой нь, тус төрөлд түүний гол өрсөлдөгчөөр Францын дуучин Фаб Морван нэрлэгдэж байна. Тэрбээр алдарт Milli Vanilli хамтлагийн мандалт, уналт, дуулиант түүхийг өгүүлсэн аудио номоо өөрийн дуу хоолойгоор уншсан аж.
Энх тайвны сургааль ба поп соёлын дуулиан
32 дахь удаагийн “Грэмми”-д “Шилдэг шинэ артист” шагнал хүртэж байсан Milli Vanilli хамтлаг хожим өөрсдөө дуулалгүй, бусдын хоолойг ашигласан нь илэрч, шагналаа хураалгаж байв. Тиймээс энэ удаа дэлхийн тайвны бэлгэ тэмдэг болсон Далай ламын гүн ухаан поп соёлын шуугиантай рэп, дуу хөгжимийн ертөнцтэй өрсөлдөж буй нь хөгжмийн ертөнцийн сонирхолтой мөч болж байна.
Хэн ялалт байгуулахыг — Фаб Морван-ы дуулиант дурсамж уу, эсвэл Далай ламын ухаарлын сургааль уу — ирэх оны “Грэмми”-ийн тайз тодруулах болно.