Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын Хүүхэд Залуучуудын Театр, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” төв зэрэг байгууллагууд хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам энэ жил 19 дэх удаагаа болох гэж байна.
Энэ удаагийн наадам долдугаар сарын 8-ны өдрийн 11:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд үндэсний соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, дээл хувцсаа сурталчлах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Наадмын хүрээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл урлалын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдох юм. Мөн хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт болох тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалжээ.
Мөн дараах төрлүүдээр шилдгүүдийг тодруулна:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд
Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Дээлтэй Монгол” наадамд 200 гаруй гадаадын иргэн оролцож байсан нь олон улсын анхаарлыг татаад зогсохгүй, үндэсний хувцасны үнэ цэнийг гадаадад таниулахад чухал хувь нэмэр оруулсан юм.