2025 оны 6-р сарын 17-нд Их Британийн нэрт гурван эрхэм хүндэтгэлийн хүлэг баатар цол хүртлээ. Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, алдарт жүжигчин Гэри Олдмен болон “The Who” хамтлагийн гоцлол дуучин Рожер Долтри нарын нийгэм, урлаг, спортын салбарт оруулсан гавьяаг ийнхүү үнэлжээ.
Спортын домог Дэвид Бекхэм
Одоо 50 настай Дэвид Бекхэм хөлбөмбөгийн спорт болон буяны үйлсэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө хүлэг баатар цол хүртсэн юм. Тэрбээр “Манчестер Юнайтед”-ийн домогт тоглогчдын нэг бөгөөд Английн шигшээг 115 удаа төлөөлөн, дөрвөн өөр улсын лигт түрүүлж байжээ.
2003 онд Британийн эзэнт гүрний одон хүртэж байсан Бекхэм 2005 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, 2024 оноос Хааны сангийн элчин сайдаар ажиллаж байгаа нь түүний нийгмийн үйл хэрэгт тууштай зүтгэснийг харуулж байна.
“The Who” хамтлагийн Рожер Долтри
81 настай Рожер Долтри урлаг, буяны үйлсийн чиглэлээр олон жил идэвхтэй ажилласан билээ. 1964 онд үүсгэн байгуулсан “The Who” хамтлаг 1990 онд Рок-н Роллын алдрын танхимд багтсан бөгөөд тэрбээр 2000 оноос хойш хорт хавдартай өсвөр насны хүүхдүүдийг дэмжих хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож иржээ.
Оскарын шагналт жүжигчин Гэри Олдмен
67 настай жүжигчин Гэри Олдмен драмын урлагт оруулсан үнэт хувь нэмэр, олон шилдэг дүрүүдээрээ үнэлэгдэн энэхүү эрхэм цолыг хүртжээ. Тэрбээр “Харри Поттер” цувралын Сириус Блэкийн дүрээр олны танил болсон бөгөөд 2018 онд “Darkest Hour” кинонд Уинстон Черчиллийг бүтээж, “Оскар”-ын шагнал хүртсэн юм.