78 дахь удаагийн Каннын кино наадам 2025 оны тавдугаар сарын 13-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Наадмын нээлтийн үеэр кино урлагийн домогт жүжигчин Роберт Де Ниро “Алтан далдуу модны навч” хэмээх Каннын дээд шагналыг хүртсэн бөгөөд шагналыг түүнд Америкийн алдарт жүжигчин Леонардо ДиКаприо гардуулсан байна.
ДиКаприо шагнал гардуулах мөчид хэлсэн үгэндээ Де Нирог жүжигчний амьдралынх нь хамгийн том нөлөөлөгч, карьерын эхлэлд нь гүн гүнзгий хувь нэмэр оруулсан хүн хэмээн онцолжээ.
“Роберт Де Ниро бол миний карьерыг өөрчилсөн хүн. Би түүний ачаар л жүжигчний амьдрал руу орсон. Тухайн үед тэр намайг тус кинонд сонгож тоглуулсан нь миний амьдралд мартагдашгүй нөлөө үзүүлсэн. Энэ киноны үеэр найруулагч Мартин Скорсезетэй танилцсан нь уран бүтээлийн замналд минь чухал нөлөө үзүүлсэн. Түүний зөвлөмж, дэмжлэг надад маш их урам зориг өгсөн. Тэр үг цөөтэй ч хэлж буй зүйл нь маш гүн гүнзгий утга учиртай байдаг. Тэр бол миний үлгэр дуурайл” хэмээн Леонардо ДиКаприо сэтгэл догдлон ярьжээ.
Тэд анх 1993 онд “This Boy’s Life” кинонд хамтран тоглосон бөгөөд энэ нь ДиКаприогийн хувьд хамгийн анхны томоохон дүрүүдийн нэг байсан юм. Энэ бүтээл нь түүнийг кино урлагийн ертөнцөд хөл тавих эхлэл болсон төдийгүй Мартин Скорсезетэй уран бүтээлчийн харилцаа тогтоох боломж олгосон байна.
Роберт Де Ниро шагналаа гардан авах үеэрээ ДиКаприогийн үгэнд талархан, өөрийн залуу насны дурсамжийг хуваалцжээ. Тэрээр анх 1973 онд “Mean Streets” киногоор Каннын кино наадамд оролцож байсан тухайгаа дурдан:
“Тэр маш ухаалаг, үнэнч, жинхэнэ уран бүтээлч” хэмээн ДиКаприог үнэлсэн байна.
Энэ үйл явдал нь зөвхөн кино урлагийн хоёр үеийн төлөөлөгчдийн харилцан хүндлэлийг илтгээд зогсохгүй, тэдний нөхөрлөл, уран бүтээлд үнэнч ханддаг сэтгэлийг мөн тольдон харуулсан утга төгөлдөр мөч болж өнгөрчээ.
2 сэтгэгдэлүүд
Де Ниро бол үнэхээр домог бөгөөд тэрээр нэгээс олон үеийнхэнд урам зориг өгсөн
Иймэрхүү мөчүүд нь фестивалийг онцгой болгодог – зөвхөн кино төдийгүй сэтгэл хөдлөлийг ч бас өгдөг