Дэлхийн стриминг салбар эрчимтэй тэлж, уламжлалт кабелийн телевизийн хэрэглээг ардаа орхиж буй энэ үед “Disney” компани чухал өөрчлөлт хийхээ зарлалаа. Компанийн зүгээс 2026 онд “Hulu” платформыг бүрэн хааж, контент болон үйлчилгээгээ “Disney+” платформд нэгтгэх стратегийн шийдвэр гаргасан байна.
Энэхүү мэдэгдлийг 2025 оны наймдугаар сарын 6-ны өдөр компанийн хоёрдугаар улирлын орлогын тайланг танилцуулах үеэр гүйцэтгэх захирал Боб Игер болон санхүү эрхэлсэн захирал Хью Жонстон нар албан ёсоор мэдээлжээ. Тэд “Hulu” болон “Disney+” аппликейшнийг нэгтгэх нь илүү боловсронгуй хэрэглэгчийн интерфэйс бүтээж, хэрэглэгчдэд бүх төрлийн контентийг нэг дор хүргэх оновчтой арга зам болохыг онцолсон юм.
Disney энэхүү шийдвэрээ зөвхөн хэрэглэгчдийн туршлагыг сайжруулах зорилготойгоор бус, мөн үйл ажиллагааны зардлыг бууруулж, платформын сурталчилгааны орлогыг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгдсэн. Цаашид энтертайнмент, кино, хүүхдийн нэвтрүүлэг, хөгжмийн хөтөлбөр, мэдээ мэдээлэл, спортын контент зэрэг бүх агуулга нэг платформоор дамжин хэрэглэгчдэд хүрэх юм.
Hulu платформын контентын санг Disney+ руу нэвтрүүлэх ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд ирэх саруудын хугацаанд нэгдлийг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ алхам нь “Disney”-ийн стриминг салбар дахь байр суурийг бэхжүүлж, хэрэглэгчдэд илүү цогц үйлчилгээг санал болгоход чиглэж байна.