Нүүр хуудас Боловсрол“Дурсамжаар бүтээв” үзэсгэлэн: Дурсамж, мэдрэмж, хүртээмжийн орон зай

“Дурсамжаар бүтээв” үзэсгэлэн: Дурсамж, мэдрэмж, хүртээмжийн орон зай

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж буй “Ulaanbaatar Biennale”-ийн хүрээнд уран бүтээлч Х.Сүрэнгийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ жилийн Биенналь 16 байршилд зэрэг явагдаж, 20 гаруй орны 120 уран бүтээлчийн сор бүтээлүүдийг олон нийтэд толилуулж байгаагаараа онцлог болж байна.

Х.Сүрэнгийн 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Дурсамжаар бүтээв” урлагийн төслийн сүүлчийн бүлэг нь энэхүү үзэсгэлэнгээр дамжин үзэгчдийн хүртээл болж буй юм. Тэрээр 20 жилийн турш цуглуулсан ургамал, цэцгийн хатаамлаар дамжуулан дурсамж, хувь заяа, танин мэдэхүй, цаг хугацааны тухай үзэл бодлоо урлагийн хэлээр илэрхийлжээ.

Үзэсгэлэнгийн гол онцлог нь хүртээмжийг төвд тавьсан явдал юм. Үүнд:

  • Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Брайль үсэгтэй тайлбарууд, товгор дүрслэлтэй зургууд
  • Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлний тайлбар бүхий QR код бүрд хавсаргасан
  • Монгол болон латин нэршлээр бичсэн ховор ургамлын мэдээлэл

Эдгээр нь уран бүтээлийг бүх хүнд нээлттэй, хүртээмжтэй болгох зорилготойг илтгэнэ.

Монголын Урлагийн Зөвлөлийн тэргүүн Ч.Ганболд:
“Түүний энэ үзэсгэлэн нь зөвхөн урлагийн агуулгаараа төдийгүй, хүртээмжтэй байдалд анхаарч, бэрхшээлтэй хүмүүс ч үзэж, мэдрэх боломжийг олгосон нь онцгой, нийгмийн хувьд маш чухал алхам болсон. Би зөвхөн урлагийн зөвлөлийн тэргүүн төдийгүй, Сүрэнгийн ахын хувиар хүрэлцэн ирлээ. Энэ үзэсгэлэн бидний гэр бүлийн хувьд бахархал, урам зоригийн эх булаг болж байна.”

МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл:
“Сүрэнгийн бүтээлүүд ямагт төгс байж чаддаг. Энэ удаад ч мөн бүх зүйл утга төгөлдөр, эмх цэгцтэй байлаа. Биеннальтай давхцан үзэсгэлэн нь өндөрлөж буй нь илүү гүн утга агуулж байна. Урлагийг олон нийтэд хүртээмжтэй байлгах нь бидний эрхэм зорилго билээ.”

Уран бүтээлч Х.Сүрэн:
“Энэ бол миний уран бүтээлийн төгсгөл биш, харин дараагийн шатны эхлэл юм. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ бүтээл зөвхөн минийх биш — намайг дэмжсэн бүх хүмүүстэй хамт бүтээсэн хамтын хөдөлмөрийн үр дүн юм.”

Үзэсгэлэнг хэрэгжүүлэхэд “Хас Банк”, “Шунхлай ХХК”, “ub.life”, “CosyClub”, “Sound Meditation Mongolia”, “Ultimate Design”, “Zanabazar Museum”, “Freya Celine Art Cafe”, “UPTECH” зэрэг байгууллага, мөн хувь хүмүүс үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

Та энэхүү үзэсгэлэнг 2025 оны 6-р сарын 25-ныг хүртэл, өдөр бүр 09:00–17:30 цагийн хооронд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэх боломжтой. “Дурсамжаар бүтээв” үзэсгэлэнгийн сүүлчийн бүлгийг биечлэн мэдэрч амжаарай.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.