Өмнөд Солонгосын алдарт дуучин Хёнь-а өнгөрсөн ням гарагт Макао хотод болсон “Waterbomb” фестивалийн үеэр “Bubble Pop” дуугаа дуулж, бүжиглэж байхдаа гэнэт ухаан алдан унажээ.
Үзэгчдийн авсан бичлэгт дуучин бүжгийн дундуур гэнэт хүчгүй болж, тайзан дээр унаж байгаа нь тод бичигдсэн байсан бөгөөд бүжигчид нь даруй гүйн очиж, хамгаалагчид түүнийг тайзнаас өргөж гаргасан байна.
Энэ явдал олон нийтийн санааг зовоосон бөгөөд фэнүүд нь түүний эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлсэн сэтгэгдлүүдийг сошиал орчинд үлдээжээ. Зарим нь Хёнь-а-гийн сүүлийн үеийн хатуу хоолны дэглэм ийм байдалд хүргэсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Хатуу хоолны дэглэм ба жингийн огцом бууралт
Хёнь-а аравдугаар сарын 3-нд хоолны дэглэм барьж эхэлсэн тухайгаа олон нийтэд зарлаж, ердөө нэг сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 4-нд 10 кг орчим жин хассан талаар Instagram хуудсандаа бичсэн байв. Тэр үедээ 49 кг хүрсэн зургаа нийтэлсэн нь фэнүүдийн дунд шүүмжлэл дагуулж байжээ.
Дуучны мэдэгдэл
Тайзан дээр ухаан алдан унасны дараа Хёнь-а биеийн байдал нь сайжирсны дараа Instagram хуудсаараа дамжуулан фэнүүддээ хандан уучлал хүссэн байна.
Тэр бичихдээ:
“Үнэхээр уучлаарай. Сайхан тоглолт үзүүлэхийг хүссэн ч, би мэргэжлийн түвшинд байж чадсангүй. Үнэндээ юу болсон талаар бараг санахгүй байна.”
Мөн тэрээр нэмж:
“Макаод маш олон хүн, миний A-ing фэндом ирсэн. Та бүхний билет авч, үзсэн тоглолтын үеэр ийм зүйл болсон нь маш харамсалтай. Би бие тэнхээгээ сайжруулж, үргэлжлүүлэн хичээх болно. Та бүхэн санаа зовох хэрэггүй, би одоо зүгээр байгаа.”
Шүүмжлэл ба дэмжлэг
Сүүлийн саруудад Хёнь-а-г жин нэмсэн гэх шалтгаанаар олон нийт шүүмжилж байсан нь түүнийг сэтгэлзүйн дарамтад оруулж, улмаар хатуу хоолны дэглэм барихад хүргэсэн гэж шүтэн бишрэгчид нь үзэж байна.
Хёнь-а “4Minute” хамтлагаас салснаас хойш бие даасан уран бүтээлчийн хувьд тайзан дээр эргэн ирсэн ч, энэ үйл явдал түүний эрүүл мэндийн байдалд фэнүүдийн анхаарлыг дахин хандуулж байна.