Английн алдарт поп дуучин Jessie J хөхний хорт хавдрын оношлогооны дараах мэс засал амжилттай болсон тухайгаа өөрийн нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Түүний нэг хөхөнд эрт үеийн хорт хавдар илэрч, оношлогдсоны дараа яаралтай мэс засалд орсон бөгөөд хагалгааны дараах шинжилгээний хариу эерэг гарч, хавдрыг бүрэн авсан болох нь тогтоогджээ. Энэхүү мэдээг хүлээн авсан Jessie J баярын нулимс унагасан тухайгаа илэрхийлсэн байна.
Мөн тэрээр өөрийг нь сэтгэлээр дэмжсэн сонсогчид, шүтэн бишрэгчид болон олон нийтэд гүн талархал илэрхийлж, хайр, итгэл, залбирлын хүч ямар үнэ цэнтэй болохыг онцолжээ. Түүний нийгмийн сүлжээнд 14 сая дагагч байдаг бөгөөд тэдний дэмжлэг Jessie-д онцгой урам өгсөн хэмээн бичсэн байна.
Английн алдарт ТВ хөтлөгч Рошелль Хюмс, дуучин Палома Фейт тэргүүтэй олон алдартнууд түүний нийтлэлд хариу өгч, баяр хүргэн, талархлаа илэрхийлсэн байна. Мөн олон фэнүүд нь сэтгэгдэл үлдээж, эрүүл энх, урлагийн шинэ амжилт хүсэн ерөөжээ.
37 настай дуучин бүсгүй эрүүл мэндээ сэргээсний дараа шинэ цомог дээр ажиллаж эхэлсэн тухайгаа мөн дуулгасан байна. Түүний фэнүүд ирээдүйн уран бүтээлд нь өндөр хүлээлттэй байгаа бололтой.
Их Британийн Хорт хавдрын судалгааны төвийн мэдээгээр тус улсад жилд 56,000 гаруй эмэгтэйд хөхний хорт хавдар оношлогддог байна.