Хайр, гэрэл гэгээ, аз жаргал цацруулсан дуугаар нь олон жил сонсогчдын зүрх сэтгэлд хүрч ирсэн дуучин П.Баярцэнгэл энэ есдүгээр сарын 6-нд хоёр дахь бие даасан тоглолтоо “Хайр эзэнтэй” нэртэйгээр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр бэлтгэж байна. 2019 онд “For you” нэртэй анхны тоглолтоо хийснээс хойш таван жилийн дараа тайзан дээр дахин гарах гэж буй түүнийг бэлтгэлийнх нь үеэр уулзаж ярилцлаа.
Тэрээр тоглолтоо өргөн хүрээнд, дулаан уур амьсгал бүрдүүлэн, бүх дуугаа сонсогчдод хүргэхээр зорьж буйгаа хэлэв. “Аавдаа төв цэнгэлдэхэд тоглоно гэж амласан. Тэр амлалт хамгийн том түлхэц болсон” хэмээн Баярцэнгэл онцолсон юм.
Дуучны хамгийн том дэмжигч нь аав, ээж. Өөрсдөө дуучин болох мөрөөдөл тээж явсан учир хүүгийнхээ амжилтад бахархдаг. Уран бүтээлчийн замд ах нь эхнээс нь хамтран оролцож, “For you” дууг нь зохиосон байна.
Шинэ дуугаа гаргахаасаа өмнө удаан хугацаанд “нухдаг” гэдгээ тэрээр нуусангүй. Зарим уран бүтээл нь бүр гарахгүй ч болдог аж. 2010 онд “Universe best songs” наадамд оролцсоноор уран бүтээлийн замдаа орж, өнөөг хүртэл 40 орчим дуу бүтээжээ.
Хамгийн хайртай дуу нь “Санахдаа” бөгөөд эхнэртээ зориулж бичсэн гэдгээрээ онцгой. Сонсогчдоосоо “Таны дуугаар эвлэрлээ, хайр гэдгийг дахин мэдэрлээ” гэх сэтгэгдэл авах нь түүний хувьд хамгийн том урам.
Энэ жил “My voice” наадмын шүүгчээр ажиллаж, залуу дуучдад туршлагаасаа хуваалцаж байгаа тэрээр үзэгчдэдээ “Тоглолтод ирж, бүх дууг минь хамт дуулан, сайхан дурсамж бүтээгээсэй” гэж хүссэн юм.