Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүчээ болсон, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа 40 жилийн уран бүтээлийнхээ ойн хүрээнд “Зүрх асна” нэртэй супер шоу тоглолтоо 2025 оны наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулах гэж байна.
Түүний уран бүтээлийн гараа ердөө сурагч байхаасаа эхэлсэн. Нийслэлийн 52 дугаар дунд сургуульд суралцаж байхдаа тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Л.Галмандахын удирдлагад “Нарны дуулал” хүүхдийн хамтлагт дуулж байв. 15 настайдаа анхлан дуулсан “16 нас” хэмээх дуу нь түүнийг олонд таниулсан бөгөөд энэхүү бүтээл нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дууны нэг болж, улмаар Монголын радиогийн алтан фондод мөнхөрсөн байдаг.
Тэрбээр уран бүтээлчийн гараагаа Улсын филармонийн “Соёл Эрдэнэ” хамтлагт дагалдан дуучнаар эхэлж, хожим нь гоцлол дуучны үүрэг гүйцэтгэх болсон. 1990-ээд оноос хойш тэр бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд анхны цомгоо “Эрос №1” нэрээр гаргасан нь сонсогчдын зүрх сэтгэлд хоногшсон.
Үүнээс хойш “Зөвхөн чиний тухай”, “Чи минь”, “Хаврын шөнийн бодол”, “You are my life”, “Миний шинэ орон зай”, “Дурлал шиг асна”, “Cosmic Ariunaa: The Remixes” зэрэг цомгуудынхаа тусламжтайгаар тэр дотоод, гадаадын хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрхийг бий болгосон юм.
Сүүлийн уран бүтээлүүдийн хувьд, тэрбээр 2025 оны тавдугаар сард “Анхны хайр” нэртэй есөн дуунаас бүрдсэн цомог болон арван бүтээл бүхий “Нандин учрал” нэртэй пянзыг гаргаж, хөгжмийн хорхойтнуудад толилуулсан.
Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолт түүний уран бүтээл, үзэл санаа, сэтгэлийн эрч хүчийг илэрхийлсэн томоохон эвент болж, үзэгчдийг хүлээлтэд оруулаад байна.