Amazon компанийн үүсгэн байгуулагч Джефф Безос болон сүйт бүсгүй Лорен Санчес нарын хурим энэ зун Венецид хамгийн тансаг, нэр хүндтэй арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байна. The Sun сонинд мэдээлснээр хосууд 2025 оны зургадугаар сарын 24-26-ны хооронд Италийн алдарт Сан-Джорджо Маджоре арал дээр хуримын ёслолоо хийх бөгөөд энэхүү арал нь сүм хийд, түүхэн дурсгалт газруудаараа алдартай.
Эх сурвалжуудын мэдээлснээр, энэхүү сонголт нь папарацци, сониуч олны хараанаас хол, уужуу тайван орчинд хуримын ёслолыг хийх боломжтой гэдгээрээ онцлогтой. “Энэ бол жирийн нэгэн хуримын байр биш. Үнэхээр онцлох ёстой түүхэн үйл явдал болох нь гарцаагүй” хэмээн эх сурвалж дурджээ.
Хуримын онцлох зүйлс:
- 200 зочин оролцох бөгөөд тэд бүгд Венецид байрлах тансаг зэрэглэлийн зочид буудлуудад байрлах аж.
- Безосын 500 сая ам.долларын үнэтэй мегаяхт баярын нэг хэсэг байх болно.
- Венецийн хотын захиргааны дэмжлэгтэйгээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд хотын дарга Луиджи Бругнаро “Венец энэ хэмжээний арга хэмжээг саадгүй зохион байгуулах туршлагатай” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Мөн Моррис Серон хэмээх Венецийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, энэ хуримыг Венецид зохион байгуулах санаачлагыг өөрөө гаргасан тухайгаа хэлсэн байна. “7 сарын өмнө Доменико Дольче надад Безос хуримаа хийх гэж буй тухай хэлэхэд би энэхүү хуримыг Венецид авчрахын төлөө ажиллаж эхэлсэн” гэжээ.
Зочдын нэрс дундаа:
- Опра Уинфри
- Леонардо Ди Каприо
- Орландо Блум ба Кэти Перри
- Иванка Трамп болон нөхөр Жаред Кушнер
- Дональд Трамп хүртэл уригдсан тухай яригдаж байна.
Хуримын үеэр Венецийн шилдэг зочид буудлууд болох The Aman Venice, Belmond Hotel Cipriani, St. Regis Venice, Gritti Palace зэргийг бараг бүхэлд нь урьдчилан захиалжээ.
