2025 оны 5-р сарын 17, 18-ны өдрүүдэд 17:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Ламбугайн нулимс” дуурийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Ламбугайн нулимс” дуурь нь Монголын нэрт зохиолч Дашдоржийн Нацагдоржийн ижил нэрт өгүүллэг дээр тулгуурлан, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн цомнолоор, Төрийн шагналт Халтарын Билэгжаргал хөгжмийг нь бичиж бүтээсэн бүтээл юм.
Энэхүү дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган анх 1986 оны 5-р сарын 10-нд тайзнаа амилуулж, Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх удирдан тоглуулсан бөгөөд тайзны зургийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Төмөрхуяг урласан түүхтэй.
XIX зууны Монголын нийгмийн амьдрал, хүмүүжил, сэтгэл хөдлөлийг гүн гүнзгий өгүүлдэг энэ дуурь нь үндэсний сонгодог урлагийн сор бүтээлийн нэг бөгөөд өнөө хэр театрын тайзнаа амьдарсаар байна.
Үйл явдлын товч агуулга:
- Гэвш Лодон санамсаргүй таарсан Цэрэнлхамд ухаангүй дурлаж, амьдралынхаа бүхнийг зориулна.
- Гэвч Цэрэнлхам эхийнхээ заавраар Лодон гэвшийн хайрыг үл тоомсорлон, баян залуутай гэрлэхээр шийднэ.
- Лодон гэвш хайртай бүсгүйдээ гуйж, шаналалд автсан ч номын ёс зөрчсөн нь олон нийтэд ил болж, нэр төрөө гутаан, гудамжинд уйлан үлддэг.
Энэ удаад “Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын түүхэнд хамгийн залуу Ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир анх удаа удирдаж байгаа нь онцлог юм.
Бүтээлийн уран бүтээлчид:
- Ерөнхий удирдаач: Ц.Тэлмүүн-Очир /МУСТА/
- Тайзны зураач: Б.Төмөрхуяг /МУУГЗ/
- Найруулагч: Л.Эрдэнэбулган /МУУГЗ/
- Хөтлөх найруулагч: Б.Цэрэндаваа /МУСТА/
- Найрал дуучид, балетын жүжигчид болон симфони найрал хөгжим оролцоно.
Энэ уянгын дуурийг театрын тайзнаа дахин үзэж сонирхох ховорхон боломжийг бүү алдаарай.
2 сэтгэгдэлүүд
Энэ дууг сонсох бүрт сэтгэл хөдлөөд байдаг. Амралтын өдрүүдэд амьд үзэх боломжтой бол сайхан л байна!
Нулимс дүүртэл’ үнэхээр сэтгэл хөдөлгөм дуу шүү. Биечлэн сонсвол бүр ч илүү мэдрэмж төрөх байх