Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг хүлээн авч, түүнд уучлал үзүүллээ.
Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг — Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцож, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд төрийн нууцад хамаарах мэдээлэл, баримт бичиг, эд зүйлсийг шилжүүлэн өгөх зорилгоор хулгайлж, цуглуулж, хадгалж, дамжуулсан — үйлдсэн гэж үзэн 2023 оны 7 дугаар сарын 25-нд шүүхээс 9 жил 6 сар хорих ял оноосон.
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 1-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлсэн байна.
Түүнээс хойш Ц.Хулан уучлал хүсч өргөдөл гаргасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч, уучлал үзүүлжээ.