Америкийн “New Line” компанийн бүтээл болох “Final Destination: Bloodlines” аймшгийн киноны шинэ анги өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кино театруудаас 51 сая ам.долларын орлого олж, бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ. Аймшгийн цувралын зургаа дахь анги болох уг кино нь цацагдсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг татаж, шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авсан байна.
“Аймшгийн цувралын зургаадугаар ангийн хувьд дуулиантай нээлт болж байна” хэмээн “Franchise Entertainment” судалгааны фирмийн шинжээч Дэвид А. Гросс онцолсон бөгөөд үзэгчдийн зүгээс ч уг ангид “маш сайн” гэсэн үнэлгээ өгч байгааг тэр дурджээ.
Киноны гол дүрд Канадын жүжигчин Кэйтлин Санта Хуана тоглосон бөгөөд тэрээр эмээ нь олон жилийн өмнө Үхлийг хуурч байсан тухай олж мэддэг залуу бүсгүйн дүрийг бүтээсэн. Үйл явдал түүнийг уг нууцын аймшигт үр дагавруудтай нүүр тулан тэмцэхэд хүргэж, улам хурцадмал өрнөлтэй болж байна.
Бокс-оффисын жагсаалтын хоёрдугаарт “Disney” студийн супер баатруудын тухай өгүүлэх “Thunderbolts” кино 16.5 сая ам.долларын орлогоор бичигдсэн бол гуравдугаарт жүжигчин Майкл Б. Жорданы тоглосон “Sinners” нэртэй триллер бүтээл 15.4 сая ам.долларын орлогоор оржээ.
2 сэтгэгдэлүүд
Энэ цуврал кинонууд намайг үргэлж эргэлзээтэй байлгасаар ирсэн. Энэ нь эргээд оргилд гарсанд гайхах зүйл алга
Дахиад санаанд оромгүй олон мөч тохиолдох байх. Би энэ кинонд дуртай