Италийн алдарт Уффици галерейд хадгалагдаж буй XVII зууны уран зургийг үзэгч сэлфи авах гэж оролдсоноос болж гэмтээжээ. Галерейн мэдээлснээр, уг үйл явдал саяхан болсон бөгөөд гэмтсэн бүтээл нь уран бүтээлч Антон Доменико Габбианигийн 1695-1700 оны хооронд зурсан “Фердинандо де Медичийн хөрөг” байв.
Хяналтын камерын бичлэгт дурдсанаар, тухайн үзэгч уран зургийн өмнө зургаа даруулахын тулд байрлалаа тохируулж байгаад тэнцвэрээ алдсан бөгөөд үүний улмаас бүтээлийн доод хэсэг, тодруулбал, хөл орчмын хэсэг урагдсан байна. Хожим хэвлэлд нийтлэгдсэн зургууд дээр гэмтэл тод харагдсан.
Гэмтлийг засварлахаар уг бүтээлийг үзэсгэлэнгээс түр татсан бөгөөд Уффици галерейн захиргаа “хөнгөн гэмтэл” гэж дүгнэж, удахгүй буцаан олон нийтэд дэлгэнэ гэдгээ мэдэгджээ.
Галерейн захирал Симон Верде хэвлэлд өгсөн ярилцлагадаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн “Зөвхөн сэлфи хийхийн тулд музейд ирдэг хүмүүс олширч байгаад бид маш ихээр харамсаж байна. Соёлын өвийг хүндэтгэхгүй байдал, хэт хувиа хичээсэн зан улам газар авч буй нь санаа зовоож байна” гэжээ.
Тэрбээр мөн цаашид ийм төрлийн үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд илүү хатуу дэг журам мөрдүүлэх шаардлагатайг дурдсан бөгөөд “Галерейд хэн ч дураараа авирлаж, үнэт үзмэрт халдаж болохгүй. Бид ийм үйлдлийн эсрэг тодорхой хил хязгаар тогтооно” хэмээн онцолсон байна.
Сүүлийн жилүүдэд музейн үзмэрийг сэлфи авалтын үеэр гэмтээх тохиолдол нэмэгдсээр буй. Өнгөрсөн долоо хоногт Италийн Верона хотын музейд нэг жуулчин Винсент Ван Гогийн уран бүтээлээс сэдэвлэн хийсэн болор бүрхүүлтэй сандал дээр суун зургаа авах гэж оролдсон нь бүтээлийг ноцтойгоор гэмтээсэн. Мөн дөрөвдүгээр сард Нидерландын музейн үзэсгэлэнд байрлаж байсан Марк Роткогийн олон арван сая ам.долларын үнэтэй зургийг нэг хүүхэд адил шалтгаанаар гэмтээж байжээ.