“Гэгээн Муза 18” олон улсын театрын наадам энэ сарын 16-24-нд зохион байгуулагдах гэж байна. Наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн Муза” академи болон Нийслэлийн Соёл Урлагийн газраас зохион байгуулж байгаа юм.
Тус наадмын үеэр наадмын төрлүүдэд нэр дэвшсэн уран бүтээлчдэд гэрчилгээг нь гардуулж өгөв.
“Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа “Энэ онд манай театрынхан маш олон уран бүтээлийн ард гарлаа. Тэр дундаа орон нутгийн театрууд драмын жүжгээр баялаг байв. Тиймээс манай наадам уламжлал ёсоор нэгдүгээр шат, хоёрдугаар шатанд бүтээл шалгаруулсан. Энэ жилээс эхлээд нэгдүгээр шатны бүтээлийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Тодруулбал, хоёрдугаар сарын 18-наас эхний шатны шалгаруулалтыг зарлаж, гуравдугаар сарын 15-наас хүлээн авсан” хэмээн онцолсон.
Тэрээр үргэлжлүүлэн “Дээрх хугацаанд Монголоос 50 орчим, олон улсаас 40 гаруй бүтээл ирлээ. Нийт 92 бүтээлийг манай комиссынхон гурван өдрийн турш үзэж, жүжгийн төрлүүдийнхээ дагуу сонгон шалгарууллаа” гэж хэллээ.
Энэ жилийн наадам нь таван төрлөөр явагдана:
- Үндсэн жүжиг
- Драмын жүжиг
- Хүүхдийн жүжиг
- Нэг хүний жүжиг
- Хүүхэлдэйн жүжиг
Онцлох зүйл нь энэ жилээс эхлэн хүүхэлдэйн жүжгийн төрлөөр шилдгийг шалгаруулж эхэлсэн явдал юм. Уран бүтээлчдийн хүсэлтээр энэхүү шинэ төрөл нэмэгдсэн байна.
Гэхдээ эхний шатанд тэнцсэн ч хоёрдугаар шатанд оролцох боломжгүй болсон бүтээлүүд ч байгаа. Тухайлбал, Улсын драмын театраас “Тэнгэрийн хүү” жүжгээр эхний шатны шалгаруулалтыг давсан боловч Унгарт аялан тоглолтоо хийж байгаа тул оролцох боломжгүй болсон гэж мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Буриадын театр санхүүгийн асуудлаас болоод оролцох боломжгүй болсон бол, Дорноговь аймгийн Чандмань театр болон Улсын Хүүхэд залуучуудын театр шинэ уран бүтээлдээ орсон зэрэг шалтгаанаар үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.
“Гэгээн Муза 18”-д Грек, Арабын Нэгдсэн Эмират, Румын, Тунис зэрэг 10 улсаас уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд, энэ удаагийн наадамд Грек, Словени, Дани, Хонконгоос шүүгчид ирж уран бүтээлийг дэнслэх юм.
Эхний шатанд гаднын 40 гаруй бүтээлээс 10 гаруйг нь шалгаруулсан боловч тэдний зарим нь замын зардал болон бусад шалтгаанаар оролцох боломжгүй болжээ. Гэсэн хэдий ч драмын жүжгийн төрөлд Грекийн театрынхан “Эдип хаан” жүжгээр оролцох боломжтой болсон гэж шүүгчдийн төлөөлөл мэдээлсэн юм.