Францын Канн хотноо зургадугаар сарын 16-20-ны хооронд зохион байгуулагдаж буй “Каннс Лаионс – 2025” олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн фестивальд Монгол Улс “Go Mongolia” үндэсний брэндийн нэрийн дор оролцож байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын павильон нээгдэж, соёл, урлагийн төрөл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах ажил өрнөж буй нь онцлох үйл явдал болжээ.
Энэ жил тус фестиваль 72 жилийн түүхэндээ анх удаа улс орнуудын үндэсний павильоныг багтааж буй бөгөөд Монгол Улс Бразил болон Саудын Арабтай хамт анхны гурван павильоны нэгийг байгуулсан байна.
Монголын павильоны нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү оролцож, “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санаачилгаар ‘Go Mongolia’ брэндийн дор анх удаа оролцож буй нь чухал ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэв.
Эдэлман компанийн Зүүн Өмнөд Азийн бүсийн Бүтээлч захирал Тим Грийн нээлтийн үеэр “Энэ бол зүгээр нэг павильон биш. Монголын бодит түүхүүдийг дэлхийтэй хуваалцах, залуу авьяастнуудыг сурталчлах, олон улсын бүтээлч нийгэмлэгтэй түншлэл хөгжүүлэх, брэнд киноны тусламжтайгаар ‘Go Mongolia’ үндэсний брэндийг дэлхийд таниулах боломж юм” гэж мэдэгдсэн байна.
Монгол Улс ийнхүү дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх наадамд оролцож, бүтээлч эдийн засаг, өв соёл, хөрөнгө оруулалтын боломж бололцоогоо олон улсад таниулж буй нь стратегийн чухал алхам болж байгааг зохион байгуулагчид онцолжээ.


