2025 оны зургаадугаар сарын 6-нд “All in Hit 2” нэртэй хамтарсан тоглолтын талаарх мэдээллийг албан ёсоор танилцууллаа. Монголын залуусын сэтгэлд хоногшсон “Мотив”, “Нэгэн зүгт”, “Take Off”, “Sync” хамтлагууд дурсамж сэргээх онцгой үдшийн тоглолтоороо олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тоглолтын продюсер Э.Цолмонбаярын хэлснээр, дөрвөн хамтлагийн хамтарсан энэ тоглолтын санаачилга нэг жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Монголд төдийгүй дэлхийд ч нэгэн үеийн boyband хамтлагууд нэгэн тайзан дээр ийнхүү нэгдэн тоглох нь тун ховор үзэгдэл юм. Тэрбээр өмнө нь ийм төрлийн хамтарсан тоглолт зөвхөн хаалттай зааланд зохиогдож байсан бол энэ удаа задгай талбайд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог гэдгийг тодотголоо. Уран бүтээлчид 20 хоногийн өмнө хамтарсан попури дуугаа олон нийтэд хүргэсэн бөгөөд энэхүү бүтээлд тухайн цаг үеийн залуусын дурсамж, сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн хайрын болон поп дуунууд багтжээ.
Энэ үдэш нийт 40 гаруй хит дууг амьд хөгжмөөр толилуулахаар төлөвлөсөн төдийгүй, 2005 оноос хойш тайзнаа гараагүй, тухайн үеийн радиогийн нэвтрүүлэг, хит парадыг тэргүүлж явсан уран бүтээлчдийг ч тоглолтод урихаар шаргуу ажилласан байна. Тэдний дунд БНСУ-аас тусгайлан ирж буй дуучин A Cool багтаж байгаа бол BX, Нара, реппер Темон зэрэг цөөн хэдэн уран бүтээлчдийг эс тооцвол тухайн үеийн олон хамтлаг, дуучид тайзнаа эргэн гарна.
Энэ удаагийн задгай тоглолтын ар талд 200 гаруй мэргэжлийн хүн ажиллаж, тайзны дэлгэц, дуугаралт, гэрэлтүүлэг зэрэг техникүүдийг Азийн хэмжээнд хүргэх түвшинд бэлдсэн тухай продюсер онцлон хэллээ. Тэрээр, үзэгчдийн эрэлт өндөр байвал дахин тоглолт хийх боломжтой ч эхний тоглолтдоо бүх анхаарлаа хандуулж байгаа гэдгийг мэдэгдэв.
“Нэгэн зүгт” хамтлагийн ахлагч С.Заяа олон сарын туршид энэ тоглолтод зориулан бэлтгэл хийснээ онцолж, сэтгэл догдолж, нойр хүрэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр ямар нэгэн алдаа гаргахгүй байхын тулд баг хамт олноороо чармайж, үзэгчдэд олон гэнэтийн бэлэг барихаар зэхэж буйгаа дурдсан.
Тоглолтод оролцох “Мотив” хамтлаг “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг хайрын дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан бол “Нэгэн зүгт” хамтлаг “Анхны бороо” дуугаараа тухайн үеийн залуусыг нэгэн чиглэлд хөтөлсөн. “Take Off” хамтлаг “Цасан дээр нэрийг чинь бичлээ” хэмээх дуугаараа дуунд дурлагчдын зүрхэнд нэрээ үлдээсэн бол “Sync” хамтлаг “Миний гэр II” реалити шоуны “Чи шүү” цувралаас төрөн гарсан, уран бүтээл бүр нь дурсамж агуулсан хамтлаг юм.
“All in Hit 2” тоглолт 2025 оны зургадугаар сарын 7-ны өдөр SocialPay Park-д зохион байгуулагдана. Энэ тоглолт нь үзэгчдэд ойр дотнын хүнтэйгээ догдолж, дурлаж, мартагдахааргүй нэгэн үдшийг өнгөрөөх гайхалтай боломж болж байна. Өсөж торнисон он жилүүдэд сонсож өссөн дуу тань энэ орой дахин амилан, дурсамж сэргээж, уран бүтээлчдийн хамтаар нэгэн үдшийг догдолж өнгөрөөх болно. Тоглолтын тасалбарын борлуулалт ид өрнөж байгаа тул тасалбараа урьдчилан захиалахыг дахин сануулъя. SocialPay Park-д зургадугаар сарын 7-нд уулзацгаая.
2 комментария
Эдгээр хамтлагуудыг нэг дороос сонсоно гэдэг үнэхээр гайхалтай үдэш болох нь ээ!
Хайрын дуутай гоё дурсамж сэргээх орой болно гэж найдаж байна